Оклахома Сити Тандэр багийн дасгалжуулагч Билли Донован багийн шинэ тоглогч, бүх одод довтлогч Кармэло Энтониг хүчний довтлогчийн байрлалд тоглуулна гэдгээ хэллээ. Энтони 2012-2014 оны хооронд уг байрлалд тоглож байсан билээ.
Тухайн үедээ буюу 2012-2013 онд тэрбээр лигийг оноо авалтаар тэргүүлж байсан юм. Мөн Америкын Нэгдсэн Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд ч гэсэн тэрбээр хүчний довтлогчийн байрлалд тоглодог билээ. Тиймээс түүний хувьд энэ бүхэн шинэ зүйл биш.
Түүний үндсэн байрлал болох жижиг довтлогчийн байрлалд Пол Жорж нэгэнт байгаа учраас Мэло ийнхүү хүчний довтлогчийн байрлалд, будагтай талбайтай илүү ойр тоглох болж байгаа юм. Дундын шидэлт сайтай, хөлийн ажиллагаа гайхалтайд тооцогддог, лигийн хамгаалахад хамгийн хэцүү тоглогчдын нэг гэдгээр нь бид Кармэло Энтониг мэднэ. Тэгвэл ийнхүү жижиг бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөг ноёлж байгаа өнөө үед байрлал ахиж байгаа нь хүчний довтлогчийн байрлалд тоглодог бусад тоглогчдын шүдний өвчин болох нь дамжиггүй биз.
Дасгалжуулагчийн тус шийдвэрт өөрөө ч баяртай байгаа нь ойлгомжтой. Түүнийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр түүнийг сэлгээнээс тоглох эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултанд илт дургүйцэж байгаагаа илэрхийлээд амжсан. Тэгвэл ямартай ч сэлгээнээс тоглохооргүй болж байна. Магадгүй Энтони хүчний довтлогчийн байрлалд тоглож байгаа нь Тандэрийг хамгийн аюултай багуудын нэг ч болгож байж болох юм. Улирал эхлэхээр бид “юүдэнтэй” Мэлог хэрхэн тоглохыг харах л үлдлээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |