Норвегийн Берген хотод болсон Замын дугуйн ДАШТ өнгөрсөн ням гарагт өндөрлөлөө. Жил бүрийн тэмцээний хамгийн сонирхолтой төрөл нь эрэгтэйчүүдийн элит ангиллын бөөн гараат уралдаан байдаг. Энэ жилийн хувьд уг ангиллын уралдаан 84 дэх удаагаа зохиогдсон бөгөөд оролцогчид 267.5 км урт замд өрсөлдсөн байна.
Энэ төрөлд нийт 44 орны 196 дугуйчин орж өрсөлдсөн бөгөөд ОУДХ-ны дүрэм ёсоор чансааны 1-10 байрт жагссан орнуудаас тус бүр 9 дугуйчин оролцуулсан бол 11-20-р байранд жагссан орнууд 6, 21-30-р байранд жагссан орнууд тус бүр 3, үлдсэн орнууд нэг тамирчнаа ороцуулсан юм.
Уралдааны замын ихэнх хэсэгт Франц, Их Британи, Итали, Бельги зэрэг дугуйн спорт өндөр хөгжсөн орнуудын багууд тактикаа хэрэгжүүлж чадсан. Улмаар сүүлийн 1 км эхлэхэд Францын дугуйн Жулиан Алафилипп тэргүүлэлийг авч чадсан ч илүү сайн төгсгөлийг Словакийн шилдэг спринтер Петер Саган хийж түрүүлжээ. Тэрбээр 267.5 км зайг 6 цаг 28 минут 11 секундын хугацаанд туулсан амжилтаар түрүүлснээр ДАШТ-нд 3 удаа дараалан түрүүлсэн түүхэн дэх анхны тамирчин болжээ.
Харин уралдааны дэд байранд зохион байгуулагч орны найдвар болсон Александр Кристофф орж мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийг Австралийн Майкл Мэттьюс хүртжээ.
Анх 1927 онд Герман улсад ДАШТ зохиогдсноос хойш ийм амжилтыг гаргасан дугуйчин огт байхгүй аж. Мөн Дэлхийн аваргад 3 олон удаа түрүүлсэн тамирчин мөн л гараагүй бөгөөд Словак эрээс өмнө Алфредо Бинда (Итали) , Рик Ван Стийнберген (Бельги) , Оскар Фрейре (Испани) , Эдди Мерксс (Бельги) нар Дэлхийн аварга болж байсан түүхтэй.
Ийнхүү 2017 оны Замын дугуйн ДАШТ Норвегийн Берген хотод долоон хоног үргэлжилж өндөрлөлөө. Тэмцээний медалийн хүснэгтийг 4 алт, 2 мөнгөн медаль хүртсэн Нидерландын баг тамирчид тэргүүлсэн бол араас нь Итали, Данийн баг тамирчид оржээ. Ирэх жилийн ДАШТ 9-р сарын 22-30-ны өдрүүдэд Австри улсын Инсбрук хотод болно.
Г.Баяраа
Уншиж байна |