Америкын Нэгдсэн Улсын 45 дахь ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсонтой холбоотойгоор өнгөт арьст тамирчид янз бүрийн эсэргүүцэл илэрхийлэх болсон. Хамгийн сүүлийн жишээ нь НБА буюу сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй лигийн өнгөрсөн улиирлын аваргууд болох Голден Стэйт Уорриорс уламжлалыг эвдэх мэдэгдэл гаргасан билээ. Тэд цагаан ордонд аварга баг зочилдог уламжлалыг эвдэж, энэ жил зочлохгүй, магадгүй Трампыг ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд цаашид ч зочлохгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн хэд хэдэн мэргэжлийн багийн тамирчид төрийн дууллын үеэр зогсоогүй, зарим нь өвдөг дээрээ бохирч суусан эсвэл багийн эзэн нь тамирчидтайгаа анх удаагаа цуг зогссон зэргээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хамтдаа байгаа гэдгээ харуулсан.
Дээр дурьдсан төрийн дууллын үеэр эсэргүүцэж байгаа үйлдэл нь Доналд Трампын гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм. Тус мэдэгдэлд “Төрийн дууллын үеэр босч зогсоогүй тоглогчдыг багаас чөлөөлөх ёстой” гэсэн мэдэгдэл байсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Лондон хотод болсон Америк хөлбөмбөгийн тоглолтын үеэр Балтимор Рэйвэнс багийн зарим тоглогчид өвдөг дээрээ бохирч суусан бол, Жагуарс багийн эзэн нь багийнхантайгаа цуг төрийн дууллын үеэр зогссон юм.
Мөн Питсбүрг Стийлэрс багийнхан Чикаго Биэрс багийн эсрэг тоглолтын өмнө төрийн дууллын үеэр талбайд гарч зогсолгүй, хувцас солих өрөөндөө байцгаасан билээ.
Тэгвэл хоккейн лигийн аваргууд ямартай ч цагаан ордонд зочилно гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн улирлын Стэнлийн цомын эзэд болох Питтсбүрг Пэнгүйнс баг ийнхүү мэдээлжээ.
“Питтсбүрг Пэнгүйнс баг нь ерөнхийлөгчийн албан хаагчдийг болон байгууллагыг, мөн цагаан ордон аварга баг зочилдог удаан хугацааны уламжлалыг дээдлэн хүндэтгэж байна. Бид урд өмнөх аваргуудын Жорж Буш, Барак Обама нарыг ерөнхийлөгч байхад цагаан ордонд зочилж, ордонтой танилцах бяцхан аялал хийдэг байсан уламжлалын дагуу урилга хүлээн аваад байгаа.
Одоогийн ерөнхийлөгчийн улс төрийн үзэл баримтлалыг дэмжих, эсвэл үл ойшоох зэрэг үзэл санаагаа өөр хэлбэрээр илэрхийлж болно гэж нэгдсэн байр сууринд хүрээд байна. Гэхдээ бусад багууд болон хувь хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байгаад нь ч мөн хүндэтгэлтэй хандаж байна.” хэмээжээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |