Мото ЖП-н ДАШТ-ий энэ улирлын 14 дэх уралдаан Испанийн Арагонд болж өндөрлөлөө. Анх 2010 оноос эхлэн Дэлхийн аваргын хуваарьт багтаж эхэлсэн тус уралдаанд нутгийн тамирчин Марк Маркес одтой сайн уралддаг уламжлалтай. Дэлхийн 3 удаагийн аварга Испани залуу энэ жил ч мөн одтой байж тэргүүн байрыг эзэлсэн байна. Тэрбээр 5.07 км урттай Арагон авто тойруулгыг 28 удаа тойрохдоо 50минут, 41.5 секундын амжилтыг гаргасан нь тэргүүн байр эзлэхэд хангалттай хугацаа байсан юм.
Тэгвэл уралдааны дэд байранд мөн л Репсол Хонда багийн гишүүн, Испанийн өөр нэгэн тамирчин Дани Педроса оржээ. Харин 3-р байранд Дукати багийн гишүүд, Дэлхийн аварга Хорхе Лорензо орсон байна. Ийнхүү Арагоны гранприг нутгийн 3 тамирчин өнгөлсөн байна.
Сонирхуулахад хөлдөө гэмтэлтэй ч уралдааны замд гарсан домогт Валентино Росси уралдааны 5-р байрыг эзэлжээ. Ингэснээр тэрбээр 11 оноо халааслаж, хүснэгтийн байраа хадгалж чадсан байна.
ДАШТ-ийг нийлбэр 224 оноотой Марк Маркес тэргүүлж байгаа бол Дукати багийн Андреа Довизиосо 208, Яамаха багийн Маверик Виналес 196 оноотой тус тус удаалж байна. Харин зохион бүтээгчдийн цомын өрсөлдөөнийг 274 оноотой Хонда баг тэргүүлсээр байна. Дараагийн гранпри ирэх 10 дугаар сарын 15-нд Японы Мотеги авто тойргуулгад болно.
Г.Баяраа
Уншиж байна |