Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны шинэ тутам хөгжиж байгаа төрөл бол 3х3 сагсан бөмбөг. Энэ төрлөөр манай залуус ч чамгүй амжилт үзүүлж байгаа. 2020 оны олимпийн төрөлд багтсан энэ төрлөөр саяхан Дэлхийн оюутны лигийн аварга хүртэл болоод амжсан. Тэгвэл уг төрөлд хүч сорьдог манай анхны мэргэжлийн баг болох Улаанбаатар Хангарьд баг ээлжит тэмцээндээ өнгөтэй байна.
Тодруулбал Туркменистан улсын Ашхабад хотноо болж буй “Ашхабад-2017” Азийн танхимын спортын наадамд Улаанбаатар Хангарьд баг нэг ч хожигдоогүй амжилттай явж байна. Өчигдөр шөнө хэсгийн тоглолтууд дууссан бөгөөд манай баг А хэсэгтээ гурав тоглосноос, гурван хожилтойгоор хэсгээ тэргүүллээ. Улаанбаатар Хангарьд баг хэсгийн эхний тоглолтондоо Киргизстан улсын багийг 22:12, дараагийн тоглолтондоо Узбекистаны багийг 17:16, хэсгийн сүүлийн тоглолтондоо Балба улсын багийг 22:15 харьцаатай буулган авсан юм.
Манай баг 1/8 шигшээгийн тоглолтоо маргааш орой хийх хуваарьтай байгаа юм. Тэдний дараагийн өрсөлдөгч нь Индонезийн баг. Индонезийн багийн хувьд Д хэсэгт 2 хожиж нэг хожигдсон амжилтаар хэсгийн хоёр дугаар байраар шалгарсан. Тэд Тайландын багт 21:16-аар ялагдаж тэмцээнээ тааруу эхлүүлсэн боловч удаах хоёр тоглолтондоо Тайваний багийг 21:9, Гуамын багийг 21:14 гэсэн онооны харьцаатай тус тус буулган авсан.
Улаанбаатар Хангарьд баг хэрвээ тэднийг хожиж гэмээнэ медалийн төлөөх тоглолтуудад оролцох боломжийг бүрдүүлэх юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |