Испанийн сагсанбөмбөгийн шилдэг багуудын нэг Барселона домогт тоглогчтойгоо урт хугацааны гэрээ үзэглэсэн байна. Тодруулбал энэ жил 37 настай хамгаалагч Хуан Карлос Наварротой тэд 10 жилийн гэрээ үзэглэсэн нь сонирхогчдын чихийг дэлийлгэсэн мэдээ байлаа.
Уг гэрээ нь 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд одоогийн тамирчны гэрээ нь арын албаны ажилтны гэрээ болж үргэлжлэх ажээ. Хэдийгээр Испани эрийн зодог тайлах хугацаа хаяанд ирсэн ч тэрбээр энэ улиралд дахин нэг удаа Евролигт хүч үзэх нь тодорхой болоод байгаа. Харин ирэх жилээс багийн удирдлагууд Наварротой зөвлөж цаашид сагсанбөмбөгөө тоглох эсэхийг ярилцах гэнэ.
Хэрвээ Наварро ирэх улирлаас сагсанбөмбөгийн спортоо орхих болвол шууд Барселона клубын менежментийн багт орж ажиллах бөгөөд энэ хугацаандаа мэргэжлийн тамирчны цалингаа клубээс авах юм.
Хэдхэн хоногийн өмнө Испанийн шигшээ багтай хамт ЕАШТ-с хүрэл медаль хүртсэн тэрбээр ийм хүндлэлийг хүлээн эрхтэй нэгэн. Олимпийн хошой мөнгө, хүрэл, Дэлхийн аварга, Европын хошой аварга тэрбээр Барселона Ласса багийн төлөө 1997 оноос хойш тоглож байгаа бөгөөд энэ хугацаандаа байж болох бүх амжилтыг гаргасан байдаг.
Тэрбээр Евролигийн бүх цаг үеийн онооны лидерээр нэрлэгддэг бөгөөд 4000 онооны босго давсан анхны бөгөөд цорын ганц тоглогч билээ.
Г.Баяраа
Уншиж байна |