Түркменистан улсын нийслэлд болж байгаа тав дахь удаагийн Азийн танхимын наадам буюу “Ашхабад-2017” дөрөв дэх өдрөөрөө үргэлжилж байна. Нийт 62 орны 6000 гаруй тамирчид спортын 21 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа билээ.
Манай улсыг төлөөлж 71 хүний бүрэлдэхүүнтэй баг тус улсад 27-ыг дуустал байх юм. Үүнээс тэмцээний эхний өдрүүдэд эх орноо төлөөлж оролцож байгаа тамирчид маань маш амжилттай медалийн эздээр тодорсоор байна. Тодруулбал бүстэй бөх, жиү жицү, уламжлалт бөх гэсэн гурван төрөлд манай тамирчид медаль хүртээд байгаа юм. Одоогоор манай тамирчид 3 алт, 5 мөнгө, 6 хүрэл, нийт 14 медальтайгаар 7-р байранд бичигдэж байна.
Харин нийт медалийн чанар болон тоогоор тус наадмыг зохион байгуулагч орон болох Туркменистан улс тэргүүлж байгаа. Тэд 43 алт, 28 мөнгө, 18 хүрэл медалийг одоогийн байдлаар хүртээд байна. Сонирхолтой нь энэ бүх медалийн нэг мөнгө, хоёр хүрлээс бусдыг нь жиү жицү, бүстэй бөх, уламжлалт бөх гэсэн гуравхан төрөлд авсан байгаа юм. Эдгээр гурван медалийг хүндийг өргөлтийн төрөлд авжээ.
Өнөөдөр тус наадам 3х3 сагсан бөмбөг, биллиард, фүтзал, танхимын хөнгөн атлетик, танхимын теннис, кураш бөх, мутай бокс, таэквондо, трак дугуй, хүндийг өргөлт зэрэг төрлүүдээр явагдах хуваарьтай байна.
Эх орноо төлөөлж оролцож байгаа тамирчдаас одоогийн байдлаар онцлох тамирчин нь Цог-Очирын Батцэцэг болоод байна. Тэрбээр жиү жицүгээр алт болон мөнгөн медаль хүртээд байгаа юм. Түүнээс гадна жиү жицүгийн тамирчин М.Сугар жиү жицүгийн эмэгтэйчүүдийн хоёр жинд мөнгө болон хүрэл медаль хүртээд байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |