Саяхан болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн оюутны лигийн аваргаар Мон-Алтиус сургуулийг төлөөлж оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Багийн спортоор амжилт үзүүлэхгүй гэдгийг 3х3 төрөлд манай тамирчид сүүлийн үед үгүйсгэж чадаж байгаа билээ.
Японд болсон их дуулгын тэмцээнд шилдэг дөрвөн багт манай Улаанбаатар Хангарьд баг орж, чэллэнжэр тэмцээнүүдэд ч гэсэн амжилттай оролцсоор байгаа. Энэ амжилтуудыг буухиалан Мон Алтиус баг өнгөрөгч амралтын өдрүүдээр БНХАУ-ын Шиамень хотод оролцсон тэмцээндээ хүчирхэг Сербийн багийг 21:17-оор хугацаанаас нь өмнө дутуу гаргаж аваргын цомыг өргөсөн билээ. Уг багийн бүрэлдэхүүнд Ц.Отгонжаргал, Б.Батзолбоо, О.Энхбаатар, Б.Наранбаатар нар тоглож дасгалжуулагчаар С.Тулга ажилласан юм.
Өнөөдөр эх орондоо ирээд байгаа залуусыг Мексикт их дуулгын тэмцээн ойрын өдрүүдэд хүлээж байна. Мөн энэ онд буюу 10 сарын 27-оос 29 өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн цомын тэмцээнийг зохиох тов гараад байгаа билээ.
Дашрамд сонирхуулахад уг төрөл нь 2020 оны Олимпийн төрөлд багтсан юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |