Өчигдөр Норвегийн Берген хотод Замын дугуйн ДАШТ нээлтээ хийсэн. Энэхүү тэмцээнд манай улсаас цорын ганц тамирчин оролцож байгаа нь ОУХМ Б.Тэгшбаяр юм. Өнгөрсөн 2016 онд Танхимын дугуйн залуучуудын ДАШТ-с алтан медаль хүртсэн тэрбээр мөн ондоо Катарын Доха хотод болсон замын Дэлхийн аваргад оролцож, залуучуудын цуваа уралдаанд 85 тамирчнаас 28-р байранд орж байсан удаатай. Харин тэрбээр энэ удаад ангиллаа ахиулж 23 хүртэлх насны залуучуудтай өрсөлдөж байна.
Тэгвэл өнгөрсөн шөнө 2017 оны ДАШТ-ий залуучууд(U23)-ын ангиллын цуваа гараа болж 57 тамирчин өрсөлдлөө. Тамирчид нийт 37.2 км замд үзүүлсэн хугацаагаараа өрсөлдсөн бөгөөд үүний 1.4 км (Salmon hill) нь хүч шавхсан өгсүүр зам байсан аж. 37.2 км гэдэг нь энэ жилийн ДАШТ-ий хуваарьт багтсан цуваа гараануудаас хамгийн хол зайтай болж байна. Өөрөөр хэлбэл U23 төрөлд оролцогчид Элит ангиллын эрэгтэй тамирчдаас ч илүү хол зайд уралдсан юм.
ОУХМ Б.Тэгшбаярын хувьд орон нутгийн цагаар 14:10 цагт гараанаас гарч уралдсан бөгөөд 53 минут 37.58 секундын хугацаанд замаа дуусгаж 52-р байр эзэлсэн байна.
Тэрбээр энэ жилийн ДАШТ-ий хоёр төрөлд хүч сорьж байгаа аж. Түүний дараагийн уралдаан нь 9-р сарын 22-ны үдэш болох Залуучуудын (U23) бөөн гараат уралдаан байх юм. Энэ уралдаан нийт 191 км зайд болох ажээ.
Г.Баяраа
Уншиж байна |