Формула 1 ДАШТ-ий энэ улирлын хуваарьт багтсан 14 дэх гранпри Сингапурын Марина Бэй авто тойруулгад болжээ. Баасан гарагт болсон сорилд Рэд булл баг цахиур хагалж, харин бямба гарагт Феррари тэдэнтэй хоршсон бол Ням гарагийн үндсэн уралдаанд байдал орвонгоороо эргэсэн юм.
Эхний тойрогт гарсан осол уралдааны хувь заяаг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд Феррари багийн Себастиан Феттэль, Кими Райконен нар хоорондоо мөргөлдснөөр хамтдаа уралдааныг орхисон юм. Энэхүү боломжийг хамгийн сайн ашигласан тамирчин нь Мерседес багийн Льюис Хамилтон байлаа. Тавдугаар байрнаас уралдааныг эхлүүлсэн тэрбээр ослын дараагаар уралдааныг тэргүүлж эхэлсэн бөгөөд байраа алдалгүй сайн төгсгөлийг хийснээр улирлын 7 дахь түрүүгээ авсан байна.
Эхний тойрогт гарсан осолд Рэд булл багийн Макс Ферстапен мөн өртсөн нь тэргүүлэгчийн өрсөлдөөнийг хялбаршуулсан гэхэд болно. Хамилтонд хамгийн их ойртсон тамирчин нь Рэд буллын өөр нэгэн гишүүн Даниель Риккардо байсан юм. Уралдааны дэд байрыг эзэлсэн тэрбээр Хамилтоноос 4 сек орчмын зөрүүтэй барианд орсон аж. Харин 3-р байранд саяхан багтайгаа гэрээгээ сунгасан Валттери Боттас оржээ.
Ийнхүү Льюис Хамилтон нийлбэр 263 оноотой болж ДАШТ-ийг итгэл төгс тэргүүлсээр байна. Харин түүний араас 235 оноотой С.Феттэль жагсаж байна. Дараагийн гранпри ирэх 10-р сарын 1-ний өдөр Малайзын Сепанг авто тойруулгад болно.
Г.Баяраа
Уншиж байна |