Өнгөрсөн зун багийн рекорд үнийг тогтоож 105 сая еврогийн үнээр Барселона багт нэгдсэн Усман Дэмбэлэ тун таагүй нөхцөл байдалд орлоо. Бямба гарагт Барселона баг Ла лигийн 4-р тойргийн тоглолтоо Хетафе клубын талбайд зочилж хийсэн юм. Хэдийгээр тоглолт Барсагийн талд шийдэгдсэн ч 29 дэх минутанд У.Дэмбэлэ гэмтэл авч талбайг орхисон юм.
Тэгвэл тэрбээр өчигдөр дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд хариу тун тааруу гарсан байна. Франц залуугийн зүүн гуяны булчин угаараа тасарсан болох нь тогтоогджээ. Иймээс тэрбээр нэг даруй мэс засалд орох болсон юм. Багийн албан ёсны мэдээгээр энэ долоо хоногт тэрбээр Финлянд улсад мэс засалд орох бөгөөд эмч Сакари Орава гардан хийх гэнэ. Харин уг У.Дэмбэлэ мэс заслаас хойш 3 сар хагасаас 4 сарын хугацаанд талбайд гарахгүй аж. Өөрөөр хэлбэл тэрбээр наанадаж ирэх 2018 оны 2-р сард хүртэл талбайд гарахгүй юм.
Г.Баяраа
Уншиж байна |