Формула 1-н Мерседес багийн Финлянд нисгэгч Валттери Боттас энэ улиралд тун өндөр амжилтыг үзүүлж байгаа. Гэнэт зодог тайлсан Нико Росбергийг орлон Германы багт ирсэн тэрбээр энэ улиралд нийт 9 удаа шагналын тавцанд зогссон бөгөөд Орос, Австрийн гранприд түрүүлсэн юм. Энэ амжилтаараа тэрбээр 197 оноо цуглуулж, нисгэгчдийн цомын хүснэгтийг 3-р байранд жагсаж байгаа юм. Үүнээс гадна Льюис Хамилтоноос дутуугүй олон оноог авчирч байгаа тэрбээр Мерседес багт зохион бүтээгчдийн цомыг авчрах гол түлхүүр болоод байгаа юм.
Тэгвэл 28 настай Финлянд залуутай Мерседес баг дахин нэг жилийн гэрээ үзэглэсэн байна. Ингэснээр В.Боттас 2018 оны улирлыг дуустал Мерседес багийн нэрийн өмнөөс уралдах болсон аж. Дээд ангилалд 5 дахь улирлаа үдэж байгаа В.Боттас энэ жил Мерседес багаас 8.5 сая долларын цалин авч байна.
Г.Баяраа
Уншиж байна |