Монголчууд бүгдээрээ хошуу дүрж мэдэлцдэг нэг салбар бий болсон нь уул уурхай. Ялангуяа сүүлийн үед дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ гэдгийг ёстой ам уралдуулан ярьж, яг одоо очоод мөнгө авах гэж байгаа юм шиг зарим нь авирлав. Харин эдийн засагч хүн хөндлөнгийн байр суурьнаас харж, ондоо өнцөг гаргах юм. МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай нүүрсний зах зээлийн төлөв байдал, хандлагын талаар ярилцлаа.
-Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсчээ. Энэ нь манай эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Нүүрсний дэлхийн зах зээл гэж байдаггүй. Хүмүүс дандаа андуурдаг. Хольж хутгаад “Нүүрсний зах зээл тэглээ, ингэлээ” гэж ярьдаг. Гэтэл нүүрс нь дотроо хоёр зах зээлээс бүрддэг. Эхнийх нь эрчим хүчний буюу бидний ярьдагаар хүрэн нүүрс. Энэ нь тусдаа өөр зах зээл. Бараа нь бол ижилхэн нүүрс мөн л дөө. Хэрэглээний хувьд эрэлт, нийлүүлэлт нь шал өөр байдаг юм. Энэхүү хүрэн нүүрс нь дэлхийд маш элбэг. Хятад, Америк, Энэтхэг, Индонез, Австрали гэсэн таван орон л нийт зах зээлийн 70 хувийг эзэлдэг. Ер нь хамгийн том үйлдвэрлэгч нь хамгийн том хэрэглэгч байдаг сонин зах зээл.
Харин нөгөөдөх нь төмөрлөгийн үйлдвэрт ган хайлуулахад хэрэглэдэг коксжих нүүрс юм. Коксжих нүүрстэй ойролцоо нь занар байдаг учраас зарим үед орлуулдаг. Гэхдээ нүүрс дэлхийд элбэг барааны нэг л дээ. Манай улсад нүүрс олборлоод 100 гаруй жил болж байна. Гэхдээ дотоодын хэрэглээ нь бага. Сүүлийн үед л нүүрсний хэрэглээ өсөх хандлагатай байна. Гол хэрэглэгч нь гадаадын зах зээлд байдаг.
Өмнөд хөрш БНХАУ манай гадаад хэрэглээний гол том зах зээл нь шүү дээ. Яах вэ, бусад оронд бага зэргээр гаргаж байсан түүх бий. Манай улсын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч “Эрдэнэс Тавантолгой” , дараа нь МАК, тэгээд “Саусгоби сэндс”, “Энержи ресурс” буюу жижиг Тавантолгой гэх мэтээр эрэмбэлэгдэнэ. Эндээс харахад, экспортын нүүрсийг ихэвчлэн “Эрдэнэс Тавантолгой”, МАК хоёр гаргадаг нь тодорхой байна.
-Манайхан чинь сүүлийн 10 жилийн турш “Монголын баялгийг харийнхан зөөгөөд дууслаа. Ухсан нүх, овоолсон шороо хоёр л үлдлээ” гээд байдаг болчихсон шүү дээ?
-Үнэндээ манай улс 2005 он хүртэл нүүрсээ борлуулж чаддаггүй байлаа. Нүүрс тийм ч их эрэлттэй байгаагүй. Тэр үед томоохон нүүрсний ордууд илэрсэн байсан ч түүнийгээ борлуулж чадахгүй, миний санаж байгаагаар “Үнэгүй аваач” хэмээн том компаниудыг гуйж байсан юм даг.
Тухайлбал, Тавантолгойг дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын нэг аваад 2000 оны эхээр “Энэ ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд манай улсад үнэгүй буцааж өгч байсан түүхтэй. Тухайн үед манай Засгийн газар Хойд Солонгост хүртэл Тавантолгойг санал болгож байсан ч аваагүй. Иймэрхүү байдал 2006 он хүртэл үргэлжилсэн.
Түүнээс хойш экспортлох боломж байгаа юм байна гэдэг нь тодорхой болж эхэлсэн л дээ. Тэгээд яаж экспортлох вэ, яаж борлуулах вэ гэдгийг судалж сонирхсон байгаа юм. Гэхдээ энэ зах зээл дээр гадаадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагч нар байдаггүй. Гол тоглогчид манай дотоодын компаниуд байдгаараа онцлогтой гэдгийг би дээр дурдсан.
-Та түрүүнд дотоодын хэрэглээ нь бага гэлээ. Харин ч хамгийн их хэрэглэгддэг юм биш үү?
-Дотоодын нүүрсний эрэлт голдуу эрчим хүчний нүүрсэн дээр төвлөрдөг. Эрчим хүчний үйлдвэрлэлд жилд 6-7 сая тонн хүрэн нүүрс хэрэглэдэг. Манайд нүүрс маш элбэг байдаг учраас түүнийгээ нэг бүс нутгаас нөгөө рүү нь зөөнө гэсэн ойлголт байхгүй. Бараг аймаг болгонд нэг уурхай байдаг.
Хэрэв уурхайгүй бол хөрш зэргэлдээ аймгаасаа нүүрсээ зөөдөг. Тиймээс гол хэрэглэгч нь манай дотоодын эрчим хүчний шугам сүлжээний систем байгаа биз. Энэхүү эрчим хүчний систем маань 4-5 хэсгээс бүрддэг. Төвийн эрчим хүчний систем, Говийнх тусдаа жижиг дэд станцтай хэсэг байдаг, тэгээд Дорнод төвтэй Зүүн бүсийн эрчим хүчний систем, мөн Хангайн болон Баруун бүсийнх байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын эрчим хүчний хэрэглээ өсөх хандлагатай байгаа. Одоогийн байдлаар нийт эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрсээр үйлдвэрлэж байна. Үлдсэн цөөн хувийг нь усан цахилгаан станцаар үйлдвэрлэж байгаа.
Энэ нь баруун бүсэд амжилттай хэрэгжиж байна. Бид бас хоёр хөршөөсөө цахилгаан импортолдог. Оюутолгойн үйлдвэрийн хэрэгцээнд урд хөршөөс, хойд хэсгийн бүс нутаг ОХУ-аас цахилгаан импортолдог. Гадагшаагаа нэлээд мөнгө төлж байж цахилгаан авч байна. Гэхдээ манай төрийн өөрийнх нь сонирхол аль болох гадаадаас эрчим хүч авахгүй байх, эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах зорилготой байдаг юм. Гэтэл эрчим хүчний шугам сүлжээний таван бүс маань хоорондоо бараг холбогдоогүй гэдгээрээ онцлогтой.
Яагаад гэвэл, манай орны газар нутаг өргөн уудам, хоорондоо хол зайтай. Хэрэв хооронд нь холбоё гэвэл маш урт дамжуулах сүлжээ буюу хар яриагаар маш олон шонгийн мод тавих хэрэгтэй болно. Энэ нь маш өндөр өртөгтэй байдаг. Гэхдээ цаашид таван сүлжээгээ хооронд нь холбоод нэг газарт нь илүү тог байвал түүнийгээ өөр газар руу шилжүүлдэг болж болно. Энэ нь урт хугацаанд хийгдэх ажил. Яваандаа зөвхөн нүүрс биш салхи, нар, бусад төрлийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго ч бий.
Жишээ нь, сэргээгдэх эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 30 хувийг үйлдвэрлэх зорилттой явж байгаа учраас Өмнөговь, Сайншандад нар, салхины станц баригдаж байна. Саяхан Дарханд ийм станц барьсан. Дараа нь Улаанбаатар хотын ойролцоо барих төлөвлөгөөтэй юм билээ. Гэхдээ усан цахилгаан станц дээр ил, далд хэлбэрээр маш их тэмцэл өрнөж байдаг. Тэр нь цахилгаан гэхээсээ илүү устай холбоотой асуудал байдаг юм.
-Ус аа, яагаад нүүрс маань ус болоод “урвал”-д орчихов оо?
-Монгол Улсын хувьд ус бол маш чухал нөөц. Энэ нөөц маш их хэмжээгээр багасч байгаа. Дэлхийн дулаарлаас эхлээд маш олон шалтаг тоочиж болно. Дээрээс нь бид маш их хэмжээний усыг хилээрээ алдаж байгаа юм. Ерөөсөө ашиглаж чаддаггүй. Гэтэл манайд ус их хэрэгтэй. Уул уурхайн томоохон үйлдвэрлэл, хөдөө, аж ахуйн салбарт ч ус хэрэгтэй. Тиймээс усаа тодорхой хэмжээгээр дотооддоо хэрэглэх ёстой. УИХ-аас 2010 онд баталсан усны бодлогын баримт бичгийн гол санаа нь энэ. Монгол Улс усаа дотооддоо байлгах зорилготой. Ингэж усыг их хэмжээгээр дотооддоо үлдээхийн тулд бидэнд хадгалах усан сангууд хэрэгтэй юм.
Усан санг ихэвчлэн усан цахилгаан станцтай хамтад нь барьдаг. Яагаад гэвэл, усан цахилгаан станцын хажууд усан сан үүсдэг. Өөрөөр хэлбэл, усан сангуудыг үүсгэхийн тулд усан цахилгаан станц барьж байгаа юм, миний бодлоор. Манай улс аж үйлдвэрээ хөгжүүлье л гэж байгаа юм бол хямдхан цахилгаан үйлдвэрлэх усан цахилгаан станцтай болох хэрэгтэй. Би нэг жишээ хэлье л дээ. Манай Сэлэнгийн ус хойд хилээр гараад Байгаль нуурт цутгаж байгаа. Гэтэл Байгаль нуур дээр тэр усыг асгадаг дөрвөн том усан цахилгаан станц байна.
Тэр дөрвүүлээ төрийнх биш хувийн өмч. Оросын тэрбумтан Олег Дерипаскагийнх. Дерипаска хямд цахилгаан үйлдвэрлээд өөрийнхөө үйлдвэрт хямд үнээр нийлүүлдэг. Тиймээс манай улс усан цахилгаан станц барьвал тийшээ очих усны хэмжээ ямар нэгэн байдлаар багасна гэж бодоод байгаа юм. Энэ нь Байгаль нуурыг хамгаалж байгаа хэрэг огт биш. Тэгсэн мөртлөө цөлжилттэй байгаа Монгол Улсыг ус битгий ашигла гээд байдаг. Тэгж ярьвал бид усныхаа 10 орчим хувийг нутагтаа үлдээгээд ашиглах бүрэн эрхтэй шүү дээ.
-Гэтэл манайхан нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээж ч чадахгүй түүхийгээр нь гаргаж байна?
-Нүүрс угаах хоёр үйлдвэр байдаг, манайд. Шарын голд нүүрс боловсруулах жижигхэн үйлдвэр бий. Нөгөөдөх нь “Энержи ресурс” дээр байдаг юм. Нүүрс шороо чулуутай холилдсон байдаг. Үүнийг хаа нэгтээ цэвэрлэх л хэрэгтэй болно. Угааж цэвэрлэснийг нь боловсруулсан нүүрс гэж байгаа юм л даа. Манайд нүүрсээ угаалгүй гаргадаг компаниуд ч бий. Яагаад гэвэл, нүүрс угаахад тоног төхөөрөмж, тэгээд ус хэрэгтэй.
-Бид гадаад ертөнцөд хэл ам татлан байж усан цахилгаан станц барих нь байтугай дотооддоо ганц цахилгаан станц барьж чадалгүй олон жил боллоо. Алдарт V цахилгаан станц ашиглалтад орох нь хэзээ юм бол доо, мэдэхгүй?
-Одоо байгаа дөрвөн станц нийслэлийг цахилгаан, дулаанаар хангаж дөнгөөд байгаа ч яваандаа дулаан хүрэлцэхгүй. Бүр цахилгаанаас илүү дулаан нь эрэлттэй болно.
Тийм учраас л V цахилгаан станцыг баръя гэж ярьдаг. Одоохондоо III, IV цахилгаан станцаа өргөтгөөд дулааныг үйлдвэрлэчихнэ гэдэг төлөвлөгөөтэй яваад байна. Цаашид Улаанбаатарт төдийгүй Өвөрхангай, Хэнтий, Завхан, Архангай, Дундговь, Төв, Говь-Алтай аймагт гээд хэд хэдэн дулааны станц барих шаардлагатай болно. Бүгдээрээ л нүүрсний ордоо түшиглэж баригдана байх. Манайх бол маш их нүүрсний нөөцтэй. Хэдэн мянган жил хэрэглэхэд ч хүрнэ.
Дээрээс нь шинэ ордууд илэрсээр байгаа. Ер нь уул уурхайн салбарын хувьд манай зүүн болон төвийн бүсийг л судалсан байдаг. Баруун бүсийг судалж бараг чадаагүй. Тэнд юу байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Дахиад нэг Тавантолгой юм уу Оюутолгой байхыг үгүйсгэхгүй. Хайгуулын ажил хийгдэж л байгаа. Тиймээс нүүрсний нөөц одоо байгаа дээрээ нэмэгдэх бүрэн боломжтой.
-Бараа бүтээгдэхүүн байлаа ч түүнийгээ борлуулж чадахгүй бол эдийн засгийн үр ашиггүй, ямар ч өгөөжгүй л гэсэн үг биз дээ?
-Манай улсын хувьд экспортын зах зээл их муутай газар. Хойд хөрш ОХУ манай экспортолж байгаа нүүрснээс 10 дахин их нүүрсийг Хятад руу экспортолдог. Тийм учраас нүүрсний зах зээл дээр хойт хөрштэйгөө заримдаа өрсөлдөгч болчихдог юм. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс Хятад гэсэн ганцхан зах зээлтэй. Хятадын компаниудын хувьд Оросоос авах, Монголоос авах төдийлөн ялгаагүй. Монголын нүүрсний экспорт 2015 онд 13 сая тоннд хүрч байлаа. Гэхдээ энэ нь тийм ч өндөр тоо биш. Зарим үед 20-30 сая тонн хүрэх боломжтой. Ер нь манайд боломж их.
Жилд 60 сая тонн нүүрс гаргасан ч чадна, уг нь. Гэхдээ худалдан авах зах зээл нь ганцхан шүү дээ. Тэр нь хямарчихвал худалдан авалт тэр хэмжээгээр багасна. Хятадын өөрийнх нь нүүрс олборлох хүчин чадал Монголоос 100 дахин их байдаг. Түүнийгээ дотоодын зах зээлдээ яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг байхгүй юу. Хоёрдугаарт, Хятадын дулаан, цахилгааны дийлэнх эх үүсвэр нүүрсээр ажилладаг учраас их утаатай байдаг. Тиймээс тэнд утааг багасгахын тулд нүүрсний эрчим хүчний хэрэглээг багасгах бодлого барьж байна.
Цахилгаан станцуудынхаа заримыг нь хаасан. Манай эрчим хүчний нүүрсний экспорт яваандаа багасах төлөвтэй юм байна гэдэг нь эндээс түвэггүй харагдана. Хятадууд жилд 200 сая орчим тонн нүүрс импортолдог. Түүний тавны нэг нь төмөрлөгийн хэрэгцээнд шаардлагатай коксжих нүүрс байгаа. Үүний тавны нэгийг 2015 онд Монгол Улс нийлүүлж байсан. Бусдыг нь Австрали, ОХУ зэрэг томоохон тоглогчид гаргаж байсан.
Ер нь одоо энэ зах зээл тийм ч их тэлэхгүй болов уу. Сүүлийн жилүүдэд манай экспорт огцом буурч байгаа. Үнэ нь ч их хэмжээгээр унасан. Энэ цохилтоос Монголын нүүрсний салбар амьд гарсан л даа. Гэхдээ их хүнд нөхцөлд орсон. Энэ үед Америкийн зарим компани дампуурсан. Жишээ нь, манайд үйл ажиллагаа эрхэлж байсан “Пийбоди” дампуурсан. Хятад, Австралид их олон уурхай хаагдаж байлаа. Харин манай улсад уурхайнууд хаагдаагүй ч гэсэн экспортын хэмжээ эрс буурсан шүү дээ. Ийм нөхцөл үүсэх шалтгаан нь нэлээд хэдэн жилийн өмнөөс бүрэлдсэн.
-Манай улс энэ жил хэчнээн сая тонн нүүрс олборлох бол?
-Энэ жил манай улс 31 сая тонн нүүрс олборлох байх гэж төсөөлж байна. Эндээс 23 сая тонныг нь экспортод гаргаад 8.3 сая тонныг дотооддоо хэрэглэнэ байх. Мэдээж, энэ тоо дахиад шинэчлэгдэнэ. Нүүрсний үнэ ч хэлбэлзэнэ. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь дэлхийн эдийн засаг аажим аажмаар ногоон тал руугаа явж байгаа. Нэг өдрийн дотор бүгдээрээ ногоорчихгүй ч энэ өөрчлөлт алгуурхан хийгдсээр л байна.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN
Г.Ганчимэг