2017 оны сүүлийн Гранд Тур уралдаан уламжлал ёсоор Испани улсад болж өндөрлөлөө. Энэ жил 72 дахь удаагаа зохион байгуулагдсан Вуэльта Испани уралдаан гурван долоо хоногийн хугацаанд үргэлжилж 22 багийн 198 шилдэг дугуйчин өрсөлдсөн юм. Баг тамирчид нийт 21 шатны уралдааныг хийсэн бөгөөд 3324.1 км зайг туулан уралдав. Францын Ним хотоос гараагаа эхэлсэн уралдааны сүүлийн цаг нь Мадрид хот байлаа.
Тэгвэл Испанийн нийслэлд уралдааны нэгдсэн дүн гарахад Скай багийн Их Британи дугуйчин Крис Фрүүм энэ жилийн уралдааны цомын эзэн болжээ. Тэрбээр 3324.1 км зайг 82 цаг 30 минут 02 секундын хугацаанд туулсан амжилтаар Вуэльта Испани уралдаанд анх удаа түрүүлжээ. Өмнө нь Тур де Франсын ялагчаа 4 удаа тодроод байсан тэрбээр Гранд Турын 5 дахь ялалтаа авснаар түүхэнд 7-р байранд бичигдэж эхэлжээ. Өмнө нь ийм амжилтыг Италийн домогт дугуйчид болох Жино Бартали, Альфредо Бинда, Феличэ Жилмонди нар гаргасан байдаг аж. Мөн тэрбээр Испанийн Гранд турт түрүүлсэн анхны Их Британи дугуйчин болж түүхэнд бичигдсэн байна.
Харин энэ жилийн уралдааны дараагийн байруудад Бахрейн Мерида багийн Итали дугуйчин Винчензо Нибали орсон бол Катюша багийн Орос дугуйчин Ильнур Закарин нар орж, шагналын тавцан дээр зогсчээ. Эдгээр тамирчдын хувьд тэргүүлэгчээс 2 минут гаруйн алдагдалтай байсан юм.
Крис Фрүүмын амжилт үүгээр зогссонгүй. Тэрбээр онооны лидерийн ногоон цамцыг мөн хүртсэн байна. Уулын уралдааны лидерээр Италийн Давиде Виллелла тодорсон бол шилдэг өрсөлдөгчийн шагналыг Испанийн домогт дугуйчин Алберто Контадор хүртлээ. Испани эрийн хувьд энэхүү уралдаанаар мэргэжлийн тамирчны замналаа дуусгаж байна.
Тэгвэл 72 дахь удаагийн Вуэльта Испани уралдааны шилдэг багаас Казахстан улсад төвтэй Астана багийн гишүүд тодорсон байна.
Г.Баяраа
Уншиж байна |