МХБХ-ны Хүрхрээ Үндэсний лигийн 15-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Энэ тойрогт хамгийн их анхаарал татаж байсан өрсөлдөөн нь Эрчим-Атлетик220 багуудын тоглолт байсан юм. Хүснэгтийн тэргүүн байранд бичигдэж байсан тус багуудын эхний учраанд Эрчим ялалт байгуулаад байсан тул Атлетик220 баг даагаа нэхэх тулаан байлаа. Сүүлийн 2 жил дараалан лигийн аварга цолыг хүртээд байгаа Эрчим эхлэн тоглолтыг нээсэн бөгөөд 12 дахь минутанд орсон уг гоолын эзэн нь Франц довтлогч Николя Ванделли байсан юм.
Тэгвэл Атлетик220 үүнээс ердөө 15 минутын дараа хариуг барьсан байна. Лигийн мэргэн буучын хүснэгтийг тэргүүлэгч Н.Наранболд бэртлээс эргэн ирсэн даруйдаа дахин нэг гоолыг оруулсан нь энэ байлаа. Тэрбээр улирлын 13 дахь гоолоо торгуулийн цохилтоор хийсэн аж. Гэхдээ хүчирхэг Эрчим 32 дахь минутанд дахин тэргүүлэлийг авсан бөгөөд Японы хагас хамгаалагч Шута Ишино энэ гоолыг хийжээ.
Харин сүүлийн хагасын цор ганц гоол Эрчимын хаалганд орсон байна. Энэ удаад Атлетик220 багаас Ч.Бат-Эрдэнэ тэнцээний гоолыг оруулсан байна. Ийнхүү хүснэгтийн тэргүүлэгчдийн өрсөлдөөн тэнцээгээр өндөрлөсөн юм.
Энэ үр дүн тэдэнтэй ойрхон оноотой байсан Улаанбаатар сити багийн хувьд тун таатай нөхцөл байдлыг үүсгээд байна.
Г.Баяраа
Уншиж байна |