Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грекийн нийслэл Афинд үргэлжилж байна. Афин хотын “Ano Liosia Olympic Hall” ордонд болж буй хөвгүүдийн 23, охидын 11 дэх удаагийн тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр охидын 52 кг-ын жинд “Бангкок-2017” өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн УАШТ-ий 2015, 2016, 2017 оны аварга, 2014 оны мөнгөн медальт, “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын VI наадам, “Асашёорюү кап” ОУТ, “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын аварга, Баянхонгор аймгийн тамирчин Болдсайханы Хонгорзул хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс 13 дахь медалийг эх орондоо авчирч байна. Энэ жинд одоогоос зургаан жилийн өмнө Унгарын Сомбатхейд болсон тэмцээнээс ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгөн медаль хүртэж байв.
Б.Хонгорзулын жинд 22 орны тамирчин барилдсан бөгөөд эхлээд Украины Соломиа Винникийг, дараа нь Канадын Виктория Салыг тус бүр оноогоор цэвэр (10:0) ялсан ч 1/4 шигшээд 2016 оны өсвөр үеийн Азийн аварга Японы Юзүка Инагакид 2:12-оор ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон. Дагах барилдаанд Польшийн Польшийн Аманда Томшикийг 7:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд өнгөрсөн жилийн ЕАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Анастасья Сиделниковаг 6:1-ээр ялсан юм.
Уншиж байна |