Брүүклин Нэтс багийн эзэн Михайл Прохоров багаа зарахаар болжээ. Энэ талаар ойрын хоёр ч эх сурвалж ам нээсэн талаар Нью Иорк Пост мэдээлж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Прохоров баг зарахдаа хоёр үе шаттайгаар хувьчлал явагдах нөхцөл тавьсан гэнэ. Үүнийг хэрэв задалбал эхлээд багийн бага хэмжээний хувьцааг зарах бөгөөд түүнээс хойшхи ойрын ирээдүйд багийг бүхэлд нь худалдаж авах эрх нь шинэ хувьцаа эзэмшигчид байх нөхцөлтэй юм. 52 настай Оросын тэрбумтан ийм хүсэлтэй байгаа гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Хьюстон Рокэтс баг 2.2 тэрбум ам.доллароор зарагдсан учраас Нэтс ч гэсэн 2 тэрбум доллар хавьцаа үнэ хүрэх төлөвтэй байна.
Гэхдээ Прохоров багаа зарах хэдий ч Барклэйс цэнтр буюу багийн тоглолт явагддаг ордонг зарахгүй. Өнгөрсөн улиралд лигийн хамгийн муу амжилтыг үзүүлсэн тус багийн хувьд энэ жил ордны түрээсийг бууруулахаар шахах төлөвтэй байгаа нь ойлгомжтой.
Дараа жил ч гэсэн лигт амжилтаар хомоол хамах нь ойлгомжтой шахуу багийг сонирхож байгаа хүмүүсийн дунд Алибаба корпорацийн гүйцэтгэх тэргүүн дэд захирал Жо Цайн нэр яригдаж байна. Тэрбээр баг худалдаж авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байсан билээ. Мөн түүнээс гадна спортын түүхэнд тэрбумын хөрөнгөтэй болсон мэргэжлийн боксчин Флойд Мэйвэйдэр ч байж болох талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Учир нь багийг шууд худалдаж авах биш хувь нийлүүлэгчээс эзэн болтол дахиад хэдэн жилийн хугацаа байгаа юм. Мөн саяхан Флойд багийн эзэмшигч болох хүсэлтэй явдаг талаараа дурьдаад амжсан билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |