NBA-н баялаг түүхтэй багуудын тоонд багтах Хьюстон Рокетс баг шинэ эзэнтэй болжээ. Тус багийг 1993 оноос хойш өчигдрийг хүртэл АНУ-ын бизнесмэн, санхүүч Лесли Александр эзэмшиж байсан юм. Тэгвэл түүнтэй тохиролцож Рокетсийг худалдан авсан хүн нь тэрбумтан Тилман Фертитта байлаа. Хойд Америкийн хамгийн том рестораны сүлжээ гэгддэг “Landry’s” компанийг дангаар эзэмшдэг тэрбээр Пуужингуудыг 2.2 тэрбум америк доллараар худалдан авсан байна. Энэ NBA-н түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа болж байгаа юм.
Багийн шинэ эзэн Тилман Фертиттагийн хувьд Техас мужийн Галвестон хотын уугуул иргэн юм. Оюутан ахуй насаа Хьюстоны их сургуульд үдсэн тэрбээр одоог хүртэл тус хотод ажиллаж, амьдарч байгаа юм. Энэ намар Форбес сэтгүүлээс гаргасан тэрбумтнуудын жагсаалтанд түүнийг 3.1 тэрбум долларын хөрөнгөтэй гэж бичжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр хөрөнгийнхөө ихэнх хэсгийг сагсанбөмбөгийн баг худалдан авахад зориулсан байна.
Г.Баяраа
Уншиж байна |