Дэлхийн шатрын цомын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 3-ны өдөр Гүрж улсад нээлтээ хийлээ. Уг тэмцээнд манай улсаас цорын ганц тамирчин оролцож байгаа нь Их Мастер Ц.Батчулуун юм. Тэрбээр Хятадын Чэнду хотноо зохион байгуулсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож V байр эзэлсэнээр Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхээ халаасалсан юм. Нийт 128 тамирчин уг тэмцээнд оролцож байгаагийн дотор Норвегийн гоц ухаантан, Дэлхийн аварга Магнус Карлсен, АНУ-ын Весли Со, Фабиано Каруана, ОХУ-ын Владимир Крамник, Энэтхэгийн Вишванатан Ананд нарын олон шилдэг тамирчид багтаж байгаа юм.
Дэлхийн цомын АШТ нь Олимпийн журмаар болдог бөгөөд хасагдах зарчимаар өрсөлддөг учраас өрсөлдөөн бүрээс нэг нь цааш шалгардаг хатуу дүрэмтэй.
Монголын Үндэсний шигшээ баг, Баянхонгор аймаг, Алдар спорт хороо, Зууны шатар клубын тамирчин, Их мастер Ц.Батчулууны хувьд эхний шатанд Английн Их Мастер Майкл Адамстай өрсөлдөж байна. Түүний өрсөлдөгч нь чансааны 2738 оноо 23-р байранд бичигдэж байгаа бол Ц.Батчулуун 2555 оноотой чансааны 106-р байранд жагсаж байгаа юм.
Дүрэм ёсоор хоёр тамирчин эхлээд сонгодог тоглолт хийсэн бөгөөд хоёр өрөг дараалан тэнцсэн байна. Тэгвэл өнөөдөр хэн нь дараагийн шатанд шалгарахийг тай-брейк (сүүлийн тоглолт)-ээр тодруулах аж. Тэмцээний эхний шатны 64 тоглолтын 22 нь тай-брект шийдэгдэх болоод байгаа юм. Хэрвээ энэ тоглолт дахин хайнцвал тус бүр нь 2 өрөгтэй Билц, Рапид тоглолтоор ялагчыг тодруулах аж.
Хэрвээ Их Мастер Ц.Батчулуун эхний шатны өрсөлдөгчөө хожвол дараагийн шатанд Израилийн Максим Родштейн, Арменийн Роберт Оганесян нарын аль хожсонтой өрсөлдөнө. Сонирхуулахад энэ жилийн Дэлхийн цомын шагналын сан 1.6 сая америк долларт хүрээд байна. Шат бүрт хожлын шагналыг олгох бөгөөд 1-р шат 6000 доллар, 2-р шат 10.000 доллар, 3-р шат 16.000 долларын шагналтай байх юм.
Г.Баяраа
Уншиж байна |