Германы Боруссия Дортмунд баг Франц довтлогч Усман Дэмбэлэг Барселона баг руу үдсэн. Түүний үнэ 145 сая еврогоор үнэлэгдсэн нь хөлбөмбөгийн түүхэнд 2-р байранд бичигдэх өндөр үнэ болсон юм. Тэгвэл Германы шилдэг баг У.Дэмбэлэг хэнээр оруулах вэ гэсэн асуулт анхаарал татаж байсан юм. Германы багийн удирдлагуудын санаад оромгүй гэмээр шийдвэр гаргаж, түүний оронд 17 настай Англи залууг сонгожээ.
Энэ нь Английн өсвөрийн шигшээ баг (U17)-ийн довтлогч Жадон Санко байлаа. Уотфорд клубын хүүхдийн академид сууриа тавьсан тэрбээр сүүлийн 2 жил Манчестер сити клубын академид тоглосон юм. Хэдий тэрбээр үндсэн багт дуудагдаж үзээгүй байсан ч тоглолтын арга барилын хувьд хангалттай хэмжээнд хүрсэн чадварлаг тоглогч юм. Дортмунд түүний төлөө 10 сая фунт стерлинг төлсөн бөгөөд солилцооны цонх хаагдахаас хэдхэн цагийн өмнө урт хугацааны гэрээ үзэглэсэн гэнэ.
Уг нь Манситигийн удирдлагууд залуу авъяастнаа явуулах бодолгүй байсан ч Жадон Санко өөрөө Манситид тоглохоос татгалзаж, бэлтгэл сургуулилтаа хүртэл хийхгүй байжээ. Иймээс Мансити түүнийг үдэхээс өөр аргагүй болсон аж. Ж.Санко шууд Боруссия Дортмундын нэгдүгээр багт багтах бөгөөд Усман Дэмбэлэгийн өмсөж байсан 7 дугаарыг өмсөж тоглох мэдээтэй байна.
Г.Баяраа
Уншиж байна |