Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнгөрсөн шөнө боллоо. Манайхаас 60 кг-д өрсөлдсөн Олимпын хүрэл медальт, Азийн аварга, Азийн тоглолтын аварга Д.Отгондалай мөнгөн медалийн төлөө Францын тамирчин Софиан Омияадтай тулсан юм.
Өмнө нь Рио-2016 олимпын наадамд хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө тулалдаж, Францын боксчин ялалт авч байсан билээ. Харин дэлхийн аваргын ренгинд дахин учраа таарахад мөн л Францын тамирчин ялалт байгууллаа. Д.Отгондалай гурван үеийн турш өрсөлдөгчөөсөө илүү тулалдсан. Тэр дундаа эхний хоёр илт илүүрхсэн. Харамсалтай шүүгчид дахиад л эргэлзээтэй шийдвэр гаргалаа.
Ингэснээр Д.Отгондалай дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж, ямархуу чансаатай тамирчин болохоо дахин нэг баталлаа. Тэр тив, дэлхий, олимпын бүхий л наадмаас медаль хүртэж чадлаа. Мөн Олимп, дэлхийн хос медальтай Монголын дөрөв дэх боксчин боллоо. Өмнө нь Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар олимп, дэлхийн хос медаль хүртэж байсан билээ. Тэгвэл Д.Отгондалай жил дараалан олимп, дэлхийгээс хүрэл медаль хүртэж, агуу тамирчдын эгнээнд нэгдлээ.
Эх сурвалж: mminfo.mn
Уншиж байна |