Жүдо бөхийн Будапешт-2017 ДАШТ-ий анхаарлын төвд Монголын жудоч Д.Сумъяа ороод байгаа билээ. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг онцолж нийтлэл, мэдээ бичиж байна. Тэгвэл та бүхэнд дэлхийн хэвлэл мэдээлэл түүний талаар юу гэж байгаа нь сонин байх болов уу гэх үүднээс “CNN” агентлаг албан ёсны веб хуудас дээрээ нийтэлсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Жудогийн од Доржсүрэнгийн Сумъяа Монголчуудыг хайлуулан уяраалаа
Унгарын нийслэл Будапешт хот. 2017 оны 8 сарын 30. Монголын энэ цаг үеийн баатар цээжээ дэлдэн харайж баяраа тэмдэглэсэн өдөр. Дэлхийн хамгийн шилдэг хоёр жудоч Будапешт хотын “Папп Ласзло Арина” ордонд энгийн барилдаанаас хоёр дахин урт хугацаа буюу найман минутын нэмэлт цагт хожлын үнэлгээний төлөө эцсийн дусал хөлсөө хүртэл шавхан, эцсийн тамираа барсан барилдаан болж өнгөрсөн юм.
Хэзээ ч дуусашгүй мэт тулааны төгсгөлд Доржсүрэнгийн Сумъяа цэг тавьж, толгой уургалж, энгэр атгасан барьцнаас жудогийн хэллэгээр “коши-гурума” мэх хийж вазари үнэлгээ авснаар -57 кг-д дэлхийн аварга болсон билээ. Дэлхийн чансааны номер нэг тамирчин Цукаса Ёшидог ялсан нь түүний ялалтыг улам төгөлдөржүүлэх мэт. Жудо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ-ий гурван өдрийн дараах байдлаар Япон улс үүнээс бусад таван медалийг бүгдийг нь хүртээд байсан билээ.
Энэхүү барилдааны агшин бүрийг саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Халтмаагийн Баттулга хэдхэн метрийн хажуугаас сэтгэл догдлон үзэж суусан юм. “Монгол Улсын хувьд гайхалтай өдөр тохиож байна. Бидэнд ахиад ч олон олон сайн жудочид байгаа” хэмээн тулааны урлагаар тамирчны хувиар өөрийн жимээ татаж,удалгүй Монголын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч, харин одоо бол үндэстнийг төлөөлөх ерөнхийлөгч болоод байгаа Х.Баттулга сэтгэлээ барьж ядан хэллээ.
“Бид Японы тамирчинг ялж, япон тамирчнаас өөр орны бөх авсан анхны алтан медалийн эзэн боллоо. Миний эх оронд жудо бөх үндэстний хувьд тэргүүний спорт болон хөгжиж байгаа. Гэхдээ жүдо бөх бол дан ганц спорт гэхээсээ нэгэнт хальсан том ойлголт. Энэ бол сахилга бат, төлөвшил, хүндлэл юм. Жүдо бөхөд бид бүгд нэг нэгэндээ хүндлэлтэй харьцдаг. Өнөөдөр бид Монгол Улсын шинэхэн баатраа өлгийдөн авч байна.” гэж тэрбээр нэмж дурьдлаа.
Нулимс
Д.Сумъяа нь “Рио-2016” оны Олимпийн наадамд Бразил Улсын бөх Рафаэло Силвад ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан билээ. Харин энэ удаад шагналын тавцангийн хамгийн өндөр индэр дээр зогсож байлаа. Монгол Улсын далбаа Будапештийн тэнгэрт мандаж, төрийн дуулал эгшиглэх мөчид тэрбээр нулимсаа барьж хүчирсэнгүй.
Тэрбээр Хашбаатарын Цагаанбатаар (-66 кг, 2009 он), Мөнхбатын Уранцэцэг (-48 кг, 2013 он), Ганбатын Болдбаатар (-60 кг, 2014 он) нарын гаргасан жимийг тэлж26 насандаа Монголоос тодорсон дөрөв дэх Дэлхийн Аварга болж байна.
Ёшида мөнгөн медальтай нутаг буцах болж байгаа бол Францын тамирчин Хелена Рекево болон 2010 оноос хойш эх орондоо жудо бөхөөр анх удаагаа медаль авч ирж байгаа Их Британы тамирчин Нэкода Смит-Дэвис нар хүрэл медальтайгаар нутаг буцахаар болж байна.
Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д Японы тамирчин, дэлхийн чансааг тэргүүлэгч Сойчи Хашимото өрсөлдөгч болох Азербайжаны бөх Рустам Оружавыг алтан үнэлгээний барилдаанд сэои-нагэ мэхээр ялснаар аварга болсон.
“Цэвэр ялагч анчин” хочит Хашимото нь 2015 оноос хойш татамид гарсан 30 гаруй том жижиг барилдаанд одоогийн байдлаар ганц ч ялагдаагүй байна.
Б.Энх-Амгалан