Францын аварга ПСЖ клуб Английн Тоттэнхэм баг руу залуу хамгаалагч Серж Орьег үдлээ. Солилцооны цонх хаагдах өдөр хийгдсэн уг наймаа 23 сая фунтээр хийгдлээ. Улмаар С.Орье 5 жилийн гэрээг шинэ багтайгаа хийж 2022 оныг хүртэл Лондонд амьдрахаар болжээ.
Өнгөрсөн зун Кот д’Ивуар тоглогчийн төлөө Английн Манчестер Юнайтед баг 27 сая фунт төлөхөөр тохиолцоонд хүрсэн мэдээ гарч байсан юм. Гэхдээ энэ наймаа тодорхойгүй шалтгаанаар хийгдээгүй билээ.
Африк хамгаалагч Нэгдсэн вант улсад амьдрах визний асуудалтай байгаа. Уг нь 24 настай С.Орье Их Британи улсад нэвтрэх эрхтэй байсан ч өнгөрсөн онд виз нь хүчингүй болжээ. Тэрбээр 2016 оны 9-р сард Парис хотноо нэгэн шөнийн клубын гадна цагдаагийн офицертой зүй бус харьцсан нь Их Британи улсад мөн бүртгэгдэж түүний виз шууд цуцлагдсан юм. Улмаар энэ явдлаас хойш нэг сарын дараа Аваргуудын лигийн хүрээнд Арсенал клубын эсрэг тоглохоор Лондонд газардахад түүнийг хил нэвтрүүлээгүй билээ. Тоттэнхэм клубын хувьд хамгийн түрүүнд уг асуудлыг шийдэж байж, шинэ хамгаалагчаа Англид аваачих учиртай.
Г.Баяраа
Уншиж байна |