Энэ зуны хамгийн том солилцоо албан ёсоор баталгаажлаа. Азаиа Томасын гэмтэлтэй холбоотой гацаанд ороод байсан Бостон Сэлтикс, Кливлэнд Кавалерс багуудын солилцоо эцсийн байдлаар амжилттай болсон байна. Бостонгоос Жэйлэн Браун, Жэйсон Татум нарын аль нэгийг, бүр эсхүл драфтын нэгдүгээр тойргийн эрхийг авна гэж Кливлэнд мэдэгдээд байсан бол Бостон хоёрдугаар тойргийн эрх л өгөх боломжтой хэмээж нилээд удсан.
Тэгвэл Бостон Кливлэндэд 2020 оны драфтын Маиами Хит багийн хоёрдугаар тойргоор сонголт хийх эрхийг өгснөөр наймаа эцсийн байдлаар баталгаажлаа. Үүнд Азаиа Томасын өчигдрийн сэтгүүлчдэд өгсөн яриа нөлөөлсөн байж болзошгүй юм. Азаиа Томас “Би ноцтой гэмтээгүй. Би эргэж ирнэ. Хуучин шигээ тоглож чадна” гэж сэтгүүлчдэд ярьсан юм.
Солилцоонд орж буй Томасын хувьд энэ жил 28 настай, хоёр удаа бүх одод болж байсан тоглогч билээ. Тэрээр өнгөрсөн улиралд 28.9 оноо дунджилж байсан бөгөөд энэ жил түүний гэрээний сүүлийн жил юм. Тэгвэл түүнийг чөлөөт агентийн зах зээлд 100 сая буюу түүнээс дээш дүнтэй гэрээ хийх боломж хүлээж байгаа билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |