Анжелика Кербер Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээний эхний шатнаас мултарлаа. Тэрээр эхний шатанд Японы теннисчин бүсгүй Наоми Осакатай учраа таараад байсан юм. Япон бүсгүйд аваргаа хамгаалагчийг буулгаж авахад ердөө хоёр сэт л хангалттай байв. Бороотой цаг агаарт үргэлжилсэн уг тоглолтод Осака 6:3, 6:1 гэсэн тооны харьцаатай өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авсан.
Өнгөрсөн жил Австралийн Нээлттэй тэмцээн болон Нэгдэн улсын нээлттэй тэмцээний аваргаар зогсож байсан бүсгүй энэ жил эхний шатнаас хасагдсанаар сүүлийн 12 жилийн хугацаанд эхний шатнаас хасагдсан анхны аваргаа хамгаалагч боллоо. Түүний хувьд энэ жил ер нь одгүй байгаа гэхэд болно. Өдгөө 29 настай Герман бүсгүй Австралийн Нээлттэй тэмцээнд АНУ-ын тамирчин Коко Вандевегед ялагдаж аваргаа хамгаалах боломжоо алдаж байсан нь саяхан. Түүнээсээ хойш Францын нээлттэй тэмцээний эхний шатнаас мултарч, Уимблдонд ердөө дөрөвхөн тоглолт л хийсэн.
2016 онд гаргасан амжилтуудаараа 28 настайдаа буюу хамгийн хөгшин дэлхийн чансааг тэргүүлж, Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд оролцсон тамирчин болж байсан Кербер формоо алдаж эхэлсэн бололтой. Нэгдсэн Улсын Нээлттэй тэмцээнд эхний шатнаас хасагдсаны гороор 2015 оноос хойш Дэлхийн чансааны эхний 10 дотор байнга бичигдэж байсан Кербер чансаа нилээн хойшилж, топ-10 гэсэн ангилалаас гарах нь тодорхой болоод байна.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |