Унгарын нийслэлд үргэлжилж байгаа Жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг, эмэгтэйчүүдийн -52кг жингийн барилдаанууд боллоо. Эрэгтэй -66кг жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн барилдсан бөгөөд эхний шатанд хийлж, 2-р шатанд Узбекистаны бөх Нуриллаев Сардортой барилдахаар оноолт таарсан байна. Харамсалтай нь уг барилдааны үр дүн торгуулиар шийдэгдэж Узбек эр ялалт авснаар ОУХМ Г.Хэрлэн үзэгчдийн суудалд шилжсэн байна.
Тэгвэл энэ өдөр эмэгтэйчүүдийн -52 кг жинд “Хилчин” Спорт хорооны тамирчин Б.Хорлоодой салхи хагалан татамид гарлаа. Тэрбээр эхний тойрогт Доминиканы Де Хесус Дианатай таарсан бөгөөд эхлээд вазари үнэлгээ авч, үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан юм.
Харин дараагийн тойрогт тэрбээр Румын улсын бөх Александра-Лариса Флориантай таарч барилдсан байна. Румын бүсгүйн хувьд 2014 онд Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль хүртснээс гадна энэ жил Бакугын гранпригээс алт, Дюссельдорфын гранпригээс хүрэл медаль хүртсэн өсч яваа шилдэг тамирчин юм. Улмаар энэ барилдаанд Румыны бөх цэвэр ялалт авснаар Б. Хорлоодой мөн тэмцээнээ эрт дуусгажээ.
Энэ жинд зодоглосон манай улсын нөгөө тамирчин нь ОУХМ Ч.Аззаяа байлаа. Өнгөрсөн 5-р сард Хонгконгод болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн залуу тамирчны хувьд эхний шатанд Оросын Юлия Казаринатай таарч барилдлаа. Тюмэнийн Их дуулгын хошой мөнгөн медальт Оросын туршлагтай бөх энэ барилдаанд цэвэр ялснаар Ч.Аззаяа мөн л ДАШТ-ээ эрт өндөрлүүлсэн юм.
Өнөөдөр ДАШТ-ий хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг-н жингийн барилдаанууд болно. Эрэгтэй -73 кг жинд ОУХМ Г.Одбаяр зодоглоно. Энэ жил Бакугын Их дуулгад түрүүлж, ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тэрбээр эхний шатанд гоц мөргөсөн, түүний 2-р шатны өрсөлдөгч нь Саудын Арабын Мухаммед Алхабри байх юм.
Харин эмэгтэйчүүдийн -57 кг-н жинд МУГТ, Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар барилдана. Тэмцээний “А” хэсгийг тэргүүлэн барилдах Д.Сумъяа эхний тойрогт гоц мөргөх бол хоёрдугаар тойрогт Франц – Румыны тамирчдийн аль ялсантай хүч үзнэ. Тэгвэл энэ жил ердөө 18 настай Л.Энхрийлэн эхний шатанд Казахстаны бөх Анна Казюлинатай барилдахаар оноолт таарчээ. Хэсгийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.
Г.Баяраа
Уншиж байна |