Нэгэн цаг үед АНУ-ын шигшээ багт хүртэл дуудагдаж байсан энэ хүнийг Ламар Одом гэдэг. Нью Йоркийн Күйнсээс гаралтай сагсчин залуу анх Лос Анжелэс Клиппэрст драфтлагдаж, түүнээсээ хойш Лэйкэрсийн бүрэлдэхүүнд хоёр ч удаа НБА-ын аварга гэдэг алдрын оргилд хүрч байлаа. Гэсэн ч Клой Кардашиантай гэр бүл болж, харамсалтай нь тэдний амьдрал бүтээгүй. Үүнээс хойш мэргэжлийн замналын хувьд ч бүтэлгүйтэж, өөрөө ч ихэнх цаг хугацаагаа мансууруулах бодист дөнгөлүүлж орхисон. Амь насаа хүртэл алдах аюулд хүрч байв.
Энэ бүхний дараа тэрбээр энгийн амьдралдаа орж байгаа бололтой. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрбээр замналын оргил үеэ өнгөрүүлсэн Лос Анжелес Лэйкэрс багтайгаа нэг өдрийн гэрээ байгуулж, өөрийн мэргэжлийн тамирчны замналаа өндөрлүүлэх гэж байна. Энэхүү үйл явдал Лос Анжелес Лэйкэрс багийн бэлтгэлийн цугларалтын үеэр болно.
Тэгвэл Одом өнгөрсөн хар бараан цаг хугацааны талаар “Лэйкэрсээс зам салсан солилцоо миний карьерийг нэгмөсөн дуусгасан. Би түүнээс хойш өөрөөрөө байж чадахаа больсон. Лос Анжелесийг, таньдаг бүх хүмүүсээсээ холдсон нь надад их хүндээр туссан. Коби, Пау хоёртой хамт туулсан маш олон сайхан дурсамж байдаг. Миний амьдралын хамгийн онцгой цаг үе байсан гэж боддог юм. Миний шилдэг зургаа дахь тоглогч авсан улирлын дараа Далласт плэй оффт хожигдсон учраас намайг сольчихсон. НБА-ын гол шагналуудын нэгийг авсны дараа шүү дээ... Би түүнээс илүү яах байсан юм бол? Яагаад? Яг ийм бодол надад байнга төрдөг байсан. Бас дахиад хэр удаан тоглож чадах бол гэдэг бодол намайг эзэмддэг байлаа. Сэтгэл санаагаар унаснаас болж асуудлууд хөвөрсөөр байсан. Гэмтэл бэртлүүдээ даван туулаад өнөөдөр ч гэсэн НБА-д тоглож чадах болов уу? Чадна, би өнөөдөр ч тоглож чадна. Чадах байсан гэж би одоо ч боддог” хэмээн сэтгүүлчдэд ярьсан юм.
НБА-д иймэрхүү наймаа солилцоо өдөр тутам л болдог. Зарим нэг нь өөрийгөө улам хурцалдаг бол Одом шиг сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс яаж зохицуулах, даван гарахаа мэддэггүй. Тиймдээ ч мансууруулах бодис, виагра бэлдмэлийг зөвшөөрөгдсөн тунг хэтрүүлж хэрэглээд, хагас үхлүүт байдалтай олдож байсан цаг саяхан.
Гэхдээ эр хүн туг ч барина, тугал ч хариулна. Өнөөдөр тэр бүхнийг даван туулаад, инээмсэглээд энэ бүхнээ ярьж сууна. Тэр ялжээ. Тэр аварга авсан багийнхаа бүрэлдэхүүнд зодгоо тайлна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |