Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Формула1-н Бельгийн Гранприд Дэлхийн аварга, Испани нисгэгч Фернандо Алонсо мөн л асуудалтай оролцсон. Макларен багийн гишүүн тэрбээр 10- р байрнаас гарч уралдсан бөгөөд 25 дахь тойрогт хөдөлгүүрт асуудал гарч уралдааныг орхисон билээ.
Тэгвэл энэ асуудал нь нь түүний дараагийн уралдаанд ч нөлөөж магадгүй болжээ. Учир нь түүний MCL32 машины хөдөлгүүрийг зайлшгүй солих шаардлага тулгарсан бөгөөд Макларен багийн хөдөлгүүр нийлүүлэгч Хондагийн инженерүүд Италийн Гранпригээс өмнө Ф.Алонсогийн машины хөдөлгүүрийг солихоор төлөвлөж байна. Энэ нь уралдааны дүрэмд харшлах өөрчлөлт бөгөөд хугацаанаас өмнө илүү мотор ашиглаж байгаа учраас торгууль хүлээх нь гарцаагүй юм.
Хэрвээ Хондагийн инженерүүд Испани эрийн машины хөдөлгүүрийн сольсон тохиолдолд Ф.Алонсо дүрмийн дагуу Италийн Гранприд хамгийн сүүлийн байрнаас эхлүүлэх торгууль хүлээх юм. Дэлхийн хошой аварга Фернандо Алонсогийн хувьд энэ улирлын эхний 12 уралдаанаас 10 оноо цуглуулсан үзүүлэлттэй нисгэгчдийн цомын хүснэгтийн 15-р байранд жагсч байна.
Г.Баяраа
Уншиж байна |