Одоогоос хоёрхон жилийн өмнө Усман Дэмбэлэ Францын доод лигийн Реннэ клубийн тоглогч байлаа. Харин өнгөрөгч долоо хоногт тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй тамирчдын II байранд орж ирэв. Барселона клуб түүнийг авсан үнэ нь бараг 173 сая ам.доллар. Ингэснээр өдгөө 20 настай залуугийн нуруунд Лионель Месси, Луйс Суарез нарын хамтаар тоглож, өөрийгөө тэдний хэмжээний од байж чадна гэдгээ нотлох даалгавар тохогдоод байна.
Барселона клуб довтолгооны гурвалын системээ алдагдахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Тэдний үзэж байгаагаар залуу довтлогч Дэмбэлэ хурд, техник, авьяасаар Неймараас дутахгүй гэнэ. Түүгээр ч үл барам түүнийг “бөмбөг эзэмшилтийн ханхүү” хэмээн өргөмжилжээ. Шинэ багийнх нь удирдлагууд Дэмбэлэг хамгаалах боломжгүй, гялалзсан ирээдүйтэй нэгэн гэж үнэлж байна. Энэ талаар багийн ахлах дасгалжуулагч Эрнесто Валварде “Тэр бол үзүүштэй тоглолттой, маш их хүлээлтэд байгаа тамирчин. Бид түүнээс ихийг хүлээж байна” хэмээжээ.
Өнгөрөгч зургаадугаар сард болсон Англи, Францын шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын үеэр Дэмбэлэ Прьемер лигийн хамгийн хурдан хамгаалагчдын нэг Кайл Уолкэрийг ядах юмгүй хуурч, гоолдсоноор өөрийгөө харуулаад амжсан. Түүний авьяасын талаар Ренне клубт байхад нь дасгалжуулж байсан Жулиэн Стэфан “Түүнийг баруун, солгой гэж хэлэхэд хэцүү. Учир нь тэр хоёр хөлөөрөө аль алинаар нь тоглож чаддаг. Тэр төрөлхийн дайчин тоглогч. Өөрийгөө ямар нэгэн сэтгэлзүйн дарамтанд оруулаад байдаггүй. 3 000, 30 000 эсвэл 100 000 хөгжөөн дэмжигчийн өмнө тоглож байгаагаас үл хамаарч хийх ёстойгоо л хийдэг авьяастан гэж түүнийг хэлнэ” хэмээсэн юм.
Түүнийг 8 настайгаас нь Ренне клубын скаутууд ажиглаж эхэлсэн бөгөөд 13 настай байхад нь залуусын академидаа дуудсан гэдэг. Улмаар 2014-2015 онд түүнийг үндсэн багийн сэлгээнд авч байсан түүхтэй. Түүнийг анх нээн илрүүлсэн Арманд Дайер “Надад түүний насны олон хүүхдийн талаар янз бүрийн л зүйл сонсогддог байлаа. Гэхдээ би ганцхан түүнээс л авьяас, хичээл зүтгэл олж харсан. Тиймдээ ч түүнийг Реннед авч ирэхийн тулд өөрт нь болон гэр бүлийнхэнд нь хамгийн таатай нөхцөлүүдийг санал болгосон” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурдсан байна. Дэмбэлэ ч тэр итгэлийг алдалгүй мэргэжлийн талбайд анх гарснаасаа 2 хоногийн дараа мэргэжлийн замналынхаа анхны гоолоор эсрэг багийн хаалгаа мялаасан түүхтэй.
Тэнд тоглосон хоёр улиралдаа Дэмбэлэ 78 тоглолтод оролцож 22 гоол оруулж, 25 гоолын боломж үүсгэсэн байна. Улмаар Европын багуудын хараанд өртөж, Боруссиа Дортмунд клуб түүнтэй өнгөрсөн улирал гэрээ байгуулсан юм. Түүний үнэ тэр үед 16.7 сая ам.доллар болж байв. Бундес лигт Дэмбэлэ 32 тоглолтод 6 гоол, 13 гоолын боломж гаргасан юм. Ингээд Неймарыг Пари Сен Жермэн клубт 260 саяаар алдаад байсан Барселона түүнийг дараагийн “Неймар”-аар сонгосон юм.
Уг нь Барселона клуб Неймарыг Мессигийн залгамжлагчаар сонгож авч байсан цаг саяхан. Харамсалтай нь тэдний үерхэл тийм ч удаан байсангүй. Ингээд Мессигийн дараагийн залгамжлагчийг олох том ажил клубт тулгараад байсан юм.
Ямартай ч Дэмбэлэ Барселонад Неймарын өмсдөг байсан 11 дугаарыг өмсөж тоглохоор болжээ. 21 сарын өмнө мэргэжлийн замналаа эхлүүлж, ногоон талбайд анх гарч байсан залуугийн зүг хөлбөмбөг сонирхогчид анхаарлаа хандуулаад байна. Харин тэр Неймарын үүргийг гүйцэтгэж чадах уу гэдгийг цаг хугацаа болон өөрийнх нь хичээл зүтгэл л харуулна.
Б. Энх- Амгалан
Уншиж байна |