Нью Орлеанс Пэликанс багийг улирал бүр гэмтэл бэртэл “ниргэдэг” гэхэд болно. Өнгөрсөн улирал, тэрний өмнөх улирлуудад ч гэсэн улирал эхлэхээс ч өмнө тоглогчид нь гэмтсэн. Энэ улирал ч ялгаагүй, багийн довтлогч Соломон Хилл гуяны арын шөрмөсөндөө авсан гэмтлийн улмаас мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон байна. Түүний бүрэн эдгэрэх хугацаа 6-8 сар.
Багийн албан ёсны мэдээгээр Хилл Лос Анжелэс хотод бэлтгэл хийж байх үедээ уг гэмтлийг авсан байна. Улмаар багийн эмч нарын үзлэгээр орсны дараа Калифорни мужид байрлан ажилладаг, мэс засалч Майкл Герхартаар уг хагалгааг хийлгэх гэнэ.
Хилл 4 улирлыг Пэликансын бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн. Өнгөрсөн улиралд дунджаар 30 минутыг талбайд өнгөрүүлж 7 оноо, 3.8 самбараас бөмбөг авалт, 1.8 ашигтай дамжуулалтыг дунджилж байсан юм.
Нью Орлеанс Пэликанс баг өмнө нь улирал эхлээ ч үгүй байхад Энтони Дэвис, Омер Ашик, Алекс Ажинса зэрэг тоглогчдоо гэмтэлд алдаж байсан удаатай. Мөн сүүлийн хоёр улирал багийн хамгаалалтын шугамыг бүрдүүлж байсан Тайрик Эванс, Жрү Холидэй нар нь хамтдаа талбайд гарсан нь гараагүйгээсээ цөөн. Тэд энэ маягаар байвал магадгүй энэ улирал дундуур Энтони Дэвис, ДэМаркус Казинс гэсэн хоёр одынхоо нэгийг явуулахад хүрч, багийг тун тааруухан удирдаж байгаа Алвин Жэнтри халагдахад хүрч болзошгүй юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |