Испанийн шигшээ багийн сэргэн мандалттай салшгүй холбоотой тоглогчдын нэг бол довтлогч Давид Вилья. Европ тив болон Дэлхийн аварга болсон Испанийн багийн бүрэлдэхүүнд багтаж байсан тэрбээр гэмтэл бэртлийн асуудалтай тулгарч багагүй хугацааг эмчилгээнд зориулсан юм. Тэрбээр 2014 оноос хойш шигшээ багтаа дуудагдалгүй жил гаруй хугацааг өнгөрүүлсэн. Улмаар 2015 оны сүүлээр шигшээ багаасаа зодог тайлах шийдвэр гаргаж байсан удаатай. Тэгвэл шигшээ багийн дасгалжуулагч Хулен Лопетеги түүнийг өчигдөр багтаа дахин дуудсан бөгөөд ирэх сард болох 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бүрэлдэхүүнд багтаажээ. Испанийн багийн хувьд Итали, Лихтенштейны шигшээ багуудтай тоглох хуваарьтай байгаа.
2014 оноос хойш Д.Вилья АНУ-ын Нью Йорк сити багт тун өндөр амжилттай тоглож байгаа билээ. Испанийн багийн бүрэлдэхүүнд дуудагдаж 97 тоглолтыг хийсэн тэрбээр 59 гоолыг нэр дээрээ бүртгүүлсэн нь шигшээ багийн түүхэн дээд үзүүлэлт юм.
Г.Баяраа
Уншиж байна |