Өдгөө 40 настай, Европоос НБА-д тоглосон хамгийн авьяаслаг легионеруудын нэг Ману Жинобили Сан Антонио Спөрс багтайгаа дахин хоёр жилийн хугацаатай 5 сая ам.долларын гэрээ байгууллаа.
Тэрбээр ямар ч байсан дахиад нэг улирал тоглоно гэж долоон сард мэдэгдээд байсан. Тэгвэл талууд гэрээнд эцсийн байдлаар гарын үсэг зурж, гэрээ баталгаажсан сайхан мэдээ гарчээ.
Олон улсын тавцанд төдийгүй, НБА-д өөрийн гэсэн нэрийн хуудас болсон тоглолтоороо алдаршиж, юу хийх нь тодорхойгүй, хамгаалахад хамгийн хэцүү тоглогчдын нэг гэдгээрээ танигдсан Аргентин эр дуурсах алдар ихтэй нэгэн билээ. Тэрбээр 15 улирлыг НБА-д өнгөрүүлэхдээ ганцхан Сан Антонио Спөрс багийн төлөө хүчин зүтгэж, энэ хугацаандаа 4 удаа НБА-ын аварга болж, хоёр ч удаа бүх одод тоглогч болж байлаа. Мөн Евро Лигт тоглож байх хугацаандаа лигийнхээ аварга болохын хажуугаар Хамгийн Үнэ Цэнэтэй тоглогч нь болж байсан юм. 2004 онд Грект болсон Олимпт эх орноо төлөөлж оролцон алтан медалийг энгэртээ гялалзуулж явсан нэгэн юм.
Өнгөрсөн улирлад Ману багтайгаа нэг жилийн 14 сая ам.долларын гэрээ байгуулаад байсан билээ. Тэрбээр 2016-2017 оны улиралд уламжлал ёсоор сэлгээнээс тоглож 7.5 оноо, 2.7 ашигтай дамжуулалтыг 18.7 минутанд дунджилж байсан юм.
Анх 1999 оны НБА-ын драфтаар 57 дахь сонголтоор орж байсан Жинобили драфтын хойгуур сонголт ч гэсэн НБА-д од болон гялалзаж чаддаг гэдгийг дэлхийн дахинд харуулж чадсан гавьяатай нэгэн билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |