Энэ жил төрлөх Эвертон клубтээ эргэн нэгдээд байгаа Английн нэрт хөлбөмбөгчин Уэйн Рүүни ердөө 2 хоногийн өмнө Премьер лигт 200 дахь гоолоо оруулж, түүхэн амжилт тогтоосон. Тэгвэл домогт хөлбөмбөгчин өчигдөр шигшээ багаас зодог тайлах болсноо зарлажээ.
Энэ шийдвэр нь зөвхөн Английн бус, Дэлхийн хөлбөмбөг сонирхогчдийн хувьд гэнэтийн мэдээ байлаа. Анх 2003 онд Английн шигшээ багт дуудагдан тоглож байсан тэрбээр 17 нас 111 хоногтой байсан нь шигшээ багийн түүхэндэх хамгийн залуу тоглогч болж түүхэнд үлджээ.
Энэ цагаас хойш тэрбээр 15 жил шигшээ багт тоглохдоо нийт 119 тоглолтод оролцож 53 гоолыг оруулсан нь Английн бүх цаг үеийн мэргэн бууч болоход хангалттай үзүүлэлт байсан юм. Рүүни өчигдөр хийсэн мэдэгдэлдээ ирэх сард болох Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд түүний Английн шигшээ багт хийх сүүлийн тоглолтууд байна гэдгийг хэлжээ.
Английн шигшээ баг ирэх сард 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатны 2 тоглолтыг хийх бөгөөд Мальта, Словакийн багуудын эсрэг хүч үзэх билээ.
Сонирхолтой баримт:
Уэйн Рүүнигийн эмээ нь Ирланд гаралтай нэгэн байжээ. Иймээс Рүүниг 16 настай байхад түүнд Ирландын хөлбөмбөгийн шигшээ багт тоглох санал анх ирсэн гэдэг. Харин түүний Английн шигшээ багийн төлөө тоглох мөрөөдөлтэй байсан учраас энэ саналаас татгалзасан байна.
Уншиж байна |