Монголын сагсан бөмбөгийн түүхэнд гадны баг Монгол дасгалжуулагчийг ажиллуулахаар анх удаагаа санал тавилаа.
Тодруулбал МҮСБХ-ы Альянс-Тех Харцага багийн ахлах дасгалжуулагч А. Алтан-Очирт Тайвань улсын лигийн багуудын хооронд зохион байгуулагдаж буй тэмцээнд ерөнхий дасгалжуулагчаар ажиллах саналыг нэгэн баг тавьсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дотоодын тэмцээн уралдаанууд, лигүүд эхлэхээс өмнө эргэн ирэх төлөвлөгөөтэйгөөр тэрээр Тайвань улсыг зорих бололтой. Өмнө нь МУГТ Ц.Шаравжамц, Т. Санчир зэрэг тоглогчдод санал ирж, гадны багуудтай гэрээ байгуулж байсан тохиолдол байсан бол дасгалжуулагчдийн хувьд анхны тохиолдол болж байна.
Дашрамд сонирхуулахад Гадаад улсын тэмцээнд гадаад улсын багийг дасгалжуулахаар болоод байгаа А. Алтан-Очирт өмнө нь АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн НБА-ын хөгжлийн лигт баг дасгалжуулах санал ирж байсан удаатай юм байна. Гэхдээ тэр үед татгалзаж байсан бол энэ удаад дотоодын тэмцээн уралдаанаас хуваарь зөрж байгаа учраас очиж ажиллах бололтой.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |