Энэ жилийн 10 сарын 17-нд Бостон Сэлтикс Кливлэнд хотод зочлон тоглох улирлын нээлтийн тоглолт магадгүй энэ улирлын хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг болох шинжтэй. Яагаад? Учир нь хэдхэн цагийн өмнө Дорнод бүсийн хамгийн шилдэг хоёр багийн хооронд солилцоо болсон байна. Тодруулбал ЛэБрон Жэймстэй үл ойлголцсоны улмаас багаа солих хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байсан Кайри Өрвинг Бостон хотод дараагийн 2 жилээ өнгөрүүлэхээр болж байна.
Дөнгөж хэдхэн цагийн өмнө хоёр багийнхан наймаа тохирчээ. Кайри Өрвингийг Бостон авч оронд нь Азаиа Томас, Жэй Краудэр, Антэ Зизич, 2018 оны драфтын нэгдүгээр тойргийн Брүүклин Нэтс багийн сонголт хийх эрхийг өгсөн байна.
Энэ наймааг гадны эх сурвалжууд хэн хэндээ ашигтай наймаа болсон гэж дүгнэж байна.
Учир нь Кливлэндийн хувьд Өрвингийн драмад эцэс тавьж, оронд нь түүнээс дутахааргүй оноо түүх чадамжтай холбогч, мөн маш сайн гэрээний сунгалттай байгаа сайн хамгаалагч Жэй Краудэрийг авч байгаа юм. ЛэБрон Жэймс энэ улирлыг дуусгаад багаа сольж магадгүй байгаа энэ үед дахин нэг удаа аваргын дайралт хийх боломжтой болж байна. Мөн тэд татварт төлөх мөнгөн дүнгээсээ 29.1 сая ам. долларыг хасуулахаар болжээ.
Харин Бостонгийн хувьд ирээдүйд ноёлох залуу бүрэлдэхүүнийг цуглуулж чадлаа. Бостон Сэлтиксийн гарааны бүрэлдэхүүнийг харвал Кайри Өрвинг, Жэйлэн Браун, Гордон Хэйвард, Маркус Моррис, Хорфорд гэсэн гараатай болж байна. Харин сэлгээнээс Маркус Смарт, Жэйсон Татум нарт хангалттай минут олдоно. Дээрээс нь тэдэнд дараа жилийн Лос Анжелес Лэйкэрс багийн драфтын нэгдүгээр тойргийн сонголт хийх эрх байгаа. Тиймээс гадны сэтгүүлчид Бостонгийн Дэнни Эйнжийг ирээдүйг харсан маш зоримог алхам хийлээ хэмээн дүгнэж байна.
Товчхондоо ойрын хугацаанд Кливлэндэд хүссэнийг нь өгч, урт хугацаанд Бостонд ашигтай солилцоо болж чадлаа. Бостон Сэлтиксийн хувьд 2019 онд Кайри Өрвингийн гэрээг сунгаж чадах уу гэдэг ганцхан асуулт л үлдэж байгаа юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |