Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний өнгөрсөн улирлыг тааруу үдсэн Барселона энэ жил хүчтэй дайралт хийхээр зэхэж байна. Зуны амралтаар хэд хэдэн шинэ тоглогчыг авч чадсан тэд зуны сүүлийн сонголтоо өнөөдөр хийлээ. Энэ нь Унгарын сагсанбөмбөгч Адам Ханга байсан юм.
Хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглох чадвартай түүний хувьд Евролигийн шилдэг хамгаалагчдын тоонд нэрлэгддэг нэгэн. Хамгийн сүүлд тэрбээр Евролигийн 2017 оны Шилдэг хамгаалагчийн шагналыг хүртсэн нь хангалттай нотолгоо болно.
Сүүлийн 4 улирал дараалан Испанийн Баскония багт хүчин зүтгэсэн тэрбээр АНУ-ын легионер Жордан Макрэйд байр сууриа алдаад байсан бол удалгүй хүчирхэг Барсатай 3 жилийн гэрээ үзэглэсэн байна. 28 настай 2.01 метр өндөртэй тэрбээр 2016-2017 оны Евролигт нийт 33 тоглолтод орж 10.5 оноо, 4.4 самбар, 2.4 оновчтой дамжуулалт, 1.3 бөмбөг таслалтыг дунджилсан аж.
А.Ханга 2011 оны NBA-н драфтад нэрээ өгч 59 дэх сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож байсан удаатай.
Г.Баяраа
Уншиж байна |