Улаанбаатар Хангарьд баг энэ сарын 18-19нд Словений нийслэлд болох Самсунг Люблян 3х3 Чэллэнжэр тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр Монголоос Европын зүг хүлгийн жолоо залаад байгаа билээ.
3х3 сагсан бөмбөгийн шинэ улирлын эхэнд Улаанбаатар хот тэр чигээрээ ФИБА 3х3 Дэлхийн Турын Уцуномия Мастерс тэмцээн лүү хандсан. Учир нь Дэлхийн Турын аваргууд болох Словений Люблян болон дэлхийн чансааны номер гурав Сербийн Земун багуудыг Улаанбаатар Хангарьд баг буулгаж авсан юм.
Тэдний хагас шигшээ хүртэл явсан амжилт нь яг одоо тэднийг “дэлхийн тур”-ын чансааны 12т бичигдэх болсон гол шалтгаан болоод байгаа юм. Хэрвээ дэлхийн тур өнөөдөр өндөрлөвөл багийнхаа номер нэг тоглогч Г. Цэнгүүнбаяр тэргүүтэй Улаанбаатар Хангарьд баг Дэлхийн Турын Шигшээ тэмцээнд хүртэл оролцох боломжтой гээд л бод.
Люблянд болох энэ удаагийн тэмцээнд эхний хоёрт орж чадвал Улаанбаатар хотын баг “Дэлхийн тур”-ын дараагийн зогсоол болох Унгарын Дебреценд оролцох эрхээ автоматаар авах юм. Ингэж гэмээнэ тэд Бээжинд болох шигшээ тэмцээнд оролцох үүд хаалгаа нээж ч болох талтай.
Монголын багийн хувьд нэг таагүй байж болзошгүй мэдээ байгаа нь Люблянд болох энэ чэллэнжэр тэмцээн нь дэлхийн шилдэг арван багаас дөрвийг нь хамруулж байгаа явдал юм. Үүнд: Дэлхийн чансааны 2 Люблян, дэлхийн чансааны 4 Сербийн Лиман, дэлхийн чансааны 6 Словений Пиран, мөн дэлхийн чансааны 9 Словений Крань нар багтаж байна.
Люблян болон Крань багууд хэдийнэ Дебреценд оролцох тийзээ авсан учраас тус хоёр баг энэ удаагийн тэмцээнд эхний хоёр байранд орж гэмээнэ тус чэллэнжэрийн гурав болон дөрөвдүгээр байранд орсон багууд 8 сарын 31, 9 сарын нэгэнд Унгарт болох турыг зорих юм.
Энэ удаагийн чэллэнжэр тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд АНУ, Канадын багууд ирж оролцож байгаа гэнэ. Тус тэмцээнд түрүүлсэн баг 10000 ам.доллар авах болно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |