Сар хүрэхгүй хугацааны өмнө ФИБА-ын гурвын эсрэг гурвын дэлхийн тур тоглолт Японд болж өнгөрсөн. Уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон “Улаанбаатар Хангарьд” баг хагас шигшээ хүртэл явж, шилдэг 4 багийн нэг болж байсан нь саяхан. Тэгвэл тус тэмцээнд хэсгийн тоглолтондоо манай багт хожигдсон Словений Люблян баг дараагийн тэмцээнд манай багийг урьсан байна.
Тодруулбал ФИБА 3х3-ийн ээлжит гранпри “FIBA 3x3 Samsung Ljubljana Challenger" тэмцээн Словени улсын нийслэл Люблян хотод болох юм. Саяхныг болтол дэлхийн чансааг тэргүүлж байсан Словений багтай манай баг өмнө нь 3 удаа таарч тоглохдоо 2т нь ялж байсан бөгөөд сүүлийн их дуулгын тэмцээнд дэлхийн чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байхад нь ялснаар тэмцээний өрсөлдөөнөөс хассан билээ.
Мөн сонирхуулахад Люблян баг эх орондоо болж буй тус тэмцээндээ Азийн багуудаас зөвхөн “Улаанбаатар Хангарьд” багийг урьсан юм байна. Энэ талаар ФИБА 3х3-ийн Хөгжлийн ахлах мэргэжилтэн Николас Видмер "Ази тивийн багуудаас Европ тив, тэр дундаа Словений Чэлленжэрт Монголын баг уригдсан нь ховор, онцгой тохиолдол шүү" хэмээсэн юм.
Тус тэмцээн энэ сарын 18,19-нд болно.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |