“Сантьяго-2017” жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий хоёр дахь өдөр 60 кг-ын жинд Архангай аймгийн Хотонт сумын харьяат “Женко” клубийн тамирчин Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай монголын анхны жүдоч болсон байна. Манай тамирчин Чилийн татами дээр эхний тойрогт Азийн аваргын хүрэл медальт Узбекистаны Зафарбек Урманалиевыг 2 вазаригаар, хоёрдугаар тойрогт Канадын Донте Де Жесүсийг 1 вазари үнэлгээгээр ялж шилдэг наймд үлджээ. Улмаар хэсгийн аваргын төлөө Италийн Луижи Центраччиог хоёр вазаригаар илүүрхэж яваад иппон буулган хагас шигшээд шалгарсан байна. Харамстай л манай бөх үдээс хойш хэсгийн аваргын төлөө Казахстаны Нурзат Салимбаевт ялагдсан. Гэвч тэрбээр хүрэл медалийн төлөө Украины Вадим Черновыг вазари үнэлгээгээр ялж, өсвөр үеийн ДАШТ-ий хошой медальтай анхны жүдоч боллоо.
Уншиж байна |