МХБХ-ноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох Монголын Үндэсний “Хүрхрээ” лигийн нэгэн сонирхолтой тоглолт ням гарагт болно. Энэ бол лигийн шинэ багууд болох Атлетик 220-Улаанбаатар сити клубүүдийн тулаан юм. Хэдий энэ жил анх удаа Үндэсний лигт өрсөлдөж байгаа ч аль аль нь бүрэлдэхүүнээ хангалттай зузаалж чадсан юм. Мөн чадварлаг легионеруудыг авчирсан нь багуудын хүчийг үлэмж нэмэгдүүлсэн.
Атлетик 220 клубын хувьд лигийн хүснэгтийн III байранд 22 оноотой жагсаж байгаа. Өнгөрсөн тойрогт Эрдэнэт хотыг зорьж, Хангарьдын эсрэг тоглосон тэд хуурай тэнцэж эзэн багтай оноо хуваасан. Харин уг тоглолтыг төгсгөлд Улаан хуудас авч талбайг орхисон хамгаалагч Б.Жавхлан энэ ням гарагийн тоглолтод оролцохгүй болжээ. Мөн тус багаас хагас хамгаалагч А.Тэмүүжин, Б.Баттулга нар нь Футзалын шигшээ багт багтан, Малайзыг зорьсон учраас энэ удаагийн тоглолтод оролцохгүй.
Харин Улаанбаатар сити клубын хувьд энэ зун тун идэвхитэй ажилласан. Солилцооны цонхоор хангалттай хэмжээнд хүч сэлбэсэн тэд Үндэсний лигийн хүснэгтийн дэд байранд 24 оноотой жагсаж байгаа. Өнгөрсөн тойрогт Дэрэнг 2:0 харьцаатай буулган авсан тэд хамгаалалтын тал дээр асуудалгүй байгаа. Мөн Итали хаалгач Мауро Боэркиогын сайн тоглолт багийн амжилтад сайнаар нөлөөлсөөр байна. Итали эрийн эрийн хувьд энэ улиралд 84.6 хувьтай хаалт хийж байгаа нь лигт IV байранд орох өндөр үзүүлэлт аж. Мөн тэд багаараа өгч байгаа оновчтой дамжуулалтын тоогоор лигийг тэргүүлж байгаа бөгөөд Б.Төгсбилэг 5, А.Мөрөн, Н.Цэдэнбал нар тус бүр 3 гоолын дамжуулалт өгөөд байгаа нь лигийн тэргүүлэх үзүүлэлтэд багтаж байна.
Хоёр багийн тоглолт энэ ням гарагт 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Г.Баяраа
Уншиж байна |