Энэ улиралд Английн Премьер лигт өрсөлдөх эрхээ авсан гурван багийн нэг нь Брайтон ба Хоуви Альбион клуб. Өнгөрсөн жил Чэмпионшип лигийн дэд байрыг эзэлж дээш орох эрхээ авсан тэд өнгөрсөн зун бүрэлдэхүүнээ сайжруулах тал дээр сайн ажилласан.
Чадварлаг мэргэжилтэн Крис Хьютоноор удирдуулсан тус баг Герман хагас хамгаалагч Паскаль Грос тэргүүтэй найман тоглогчийг шинээр авсан юм. Тэгвэл шинэ улирал эхлэхээс нэг хоногийн өмнө тэд Колумб жигүүр Хосе Искьердог авахад тун ойрхон байна.
Бельгийн Про лигийн Брюгге багт тоглож, Аваргуудын лиг, Европа лиг зэрэг том тэмцээний туршлага хуримтлуулж чадсан түүний төлөө 13.5 сая фунт санал болгож, Бельгийн баг ч зөвшөөрсөн байна. Хосе Искьердо нь зүүн жигүүрт тун чадварлаг тоглодог бөгөөд энэ жилээс шигшээ багтаа дуудагдан тоглож байгаа билээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Колумб жигүүр өнөөдөр Брайтон клубын эмчийн үзлэгээр орох гэнэ. Хэрвээ эрүүл мэндийн байдал тэнцвэл тэрбээр 116 жилийн түүхтэй Брайтон клубын хамгийн үнэтэй тоглогч болох аж.
Г.Баяраа
Уншиж байна |