Хятадын экспорт, импорт өнгөрсөн сард буурсан нь урьдчилсан төлөвөөс багассан үзүүлэлт болсныг “Блүүмберг” дамжууллаа. Ингэснээр эрэлт буурч, зах зээл дахин “царцаж” мэдэх нь гэсэн айдас байна. Барууны Төвбанкууд томоохон дэмжлэгийн хөтөлбөрүүдээ багасгах нөхцөл болоод байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эдийн засгийг сэргээх бодлого нь мухардмал байдалд оруулсны улмаас энэ онд Хятад, Европ нь дэлхийн өсөлтийг тодорхойлох гол хэсэг болоод байгаа билээ.
Гэвч өчигдөр гаргасан мэдээллээр Хятадын эскпорт өнгөрсөн сард жилийн эхнээс тооцвол 7.2 хувьд хүрч саарчээ. Энэ нь өнгөрсөн хоёрдугаар сарын 11.3 хувийн үзүүлэлтээс хойшх хамгийн муу график болоод байна. Шинжээчид өсөлтийг 10.9 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байжээ. Харин импорт 11.0 хувьд хүрсэн нь арванхоёрдугаар сараас хойшх хамгийн сул үзүүлэлт болж байна. Өөрөөр хэлбэл, өмнөх сарын 17.2 хувийн өсөлтөөс ийнхүү буурсан байна. Тэгвэл шинжээчид импортыг 16.6 хувьд хүрч нэмэгдэнэ гэж таамаглаж байсан юм.
Худалдааны илүүдэл тухайн сард 46.74 тэрбум ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сараас хойшх хамгийн өндөр дүн аж. Өнгөрсөн зургадугаар сарын 42.77 тэрбум “ногоон”-той харьцуулснаар тухайн сард 46.08 тэрбум ам.долларын илүүдэлтэй байна гэж урьдчилан төлөвлөж байжээ. Зэрэглэл тогтоогч Fitch агентлагаас дэлхийн эдийн засгийн энэ жил болоод ирэх жилийн урьдчилсан төлөвийг ахиулсны дараах өдөр нь ийнхүү Хятадын сайнгүй мэдээг зарласнаар Азийн хөрөнгийн зах зээл нам жим байдалд эргэн орсон юм. “Хоёрдугаар улирлын төгсгөлд Хятадын худалдааны өсөлт уруудах төлөвтэй болчихлоо. Ялангуяа импортын өсөлт гэнэт буурсан нь дотоодын эрэлт суларч байгаатай холбоотой” гэж Capital Economics-ийн тайланд дурдсан байжээ.
Сүүлийн хэдэн жил далайн тээвэрлэлт багассан. Тэгвэл үүний дараа дэлхий дахины эрэлт нэмэгдэж эхэлсэн нь Хятад болоод Азийн бусад худалдааны улс орнуудын экспортыг “өрдөж” өгсөн юм. Гэвч хөрөнгө оруулагчид төмөр, нүүрс зэрэг үнэ нь тогтвортой өсч буй үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний импортыг илүүтэйгээр анхаарч байгаа нь илт байна. Энэ жил Хятадын худалдааны нийт илүүдэл буурч байгаа ч АНУ-тай хийсэн худалдааны илүүдэл жилийн эхний долоон сарын хугацаанд 5.9 хувиар өсч 142.75 тэрбум ам.долларт хүрсэн юм.
Хятадын АНУ-тай хийсэн худалдааны илүүдэл өнгөрсөн сард 25.2 тэрбум “ногоон”-д хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын 25.4 тэрбум ам.долларын дүнгээс бараг өөрчлөгдөөгүй тоо билээ. Гэвч энэ нь 2015 оны аравдугаар сараас хойшхи хамгийн өндөр тоонд тооцогдож байна. Хятадын худалдааны тэнцвэргүй практикийг зохицуулахын тулд ямар хариу өгөх талаар Трамп шийдэлд хүрэхэд тун ойрхон байгаа юм. Учир нь Вашингтон Бээжингийн оюуны өмч, худалдааны практикийг судлах ажлаа эхлүүлэхэд бэлтгэж байгаа аж.
Гэвч Америкийн Хятадын бараа бүтээгдэхүүн дэх сонирхол өнгөрсөн жилүүдийн туршид зөвхөн өссөөр байсан юм. Хятадын гаалийн газрын мэдээллээр жилийн эхний хагаст АНУ-ын худалдааны илүүдэл нь Хятадын нийт илүүдлийн 60 хувийг эзэлж байгаа бөгөөд жилийн өмнө энэ үзүүлэлт 44 хувьтай байсан юм.
Манай хоёр орны худалдаа аль аль талдаа өгөөжтэй байдаг төдийгүй Бээжин худалдааны харилцаагаа сайжруулахын тулд зүтгэл гаргана хэмээн Хятадын талаас мэдэгдсэн байна. Трампын Бээжинтэй хийх эдийн засаг, аюулгүй байдлын харилцаан дахь эргэлзээ хүчтэй хэвээр байгаа юм. Тиймээс ч АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх шинэ алхмыг зөвшөөрөх тухайд хийх байсан уулзалтыг өнгөрсөн сард хоёр тал цуцалсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.ЦОГЗОЛМАА
Уншиж байна |