Одоогоос 4 жилийн өмнө Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж Испанийн Реал Мадрид багт очиж байсан Уэльс хөлбөмбөгчин Гарет Бэйл эргээд Английг зорьж магадгүй болоод байна. Учир нь Жозе Моуриньюгийн удирдсан Манчестер Юнайтед баг түүний төлөө 90 сая фунт санал болгох гэж байгаа тухай мэдээлэл хүчээ аваад байгаа юм.
Тэгвэл Бэйлийг хуучин баг Тоттэнхэм нь эргүүлэн авах боломж ч бүрэн дүүрэн байгаа аж. 2013 онд 85 сая фунтын үнээр Реалд очиж байсан Г.Бэйлийн гэрээнд нэгэн чухал заалт багтсан байсан юм. Тоттэнхэм клубын гүйцэтгэх захирал, туршлагатай бизнесмэн Даниель Леви уг гэрээнд эргүүлэн худалдаж авах нөхцөлийг багтаасан байна.
Энэ гэрээ ёсоор Лондон хотын баг экс жигүүрээ бусад багуудаас давуу эрхтэй худалдан авах боломжтой аж. Хэрвээ Манчестер Юнайтед баг албан ёсоор Реал Мадридад гэрээний саналаа хүргүүлсэн тохиолдолд, Тоттэнхэм үүнээс нь хойш 72 цагийн дотор тухайн саналтай нь тэнцүү хэмжээний үнэ төлөөд Г.Бэйлийг эргүүлэн авах боломжтой аж.
Гарет Бэйл 2007-2013 оны хооронд Тоттэнхэмд тоглохдоо 203 тоглолтод оролцож 55 гоол оруулсан юм.
Г.Баяраа
Уншиж байна |