Сагсан бөмбөгийн хамгийн үзүүштэй тоглолт гаргадаг байрлал бол хамгаалагчийнх. Уран гоё оролт, залалт, эсрэг тоглогчоо хуурах хууралтуудыг нь сонирхогчид харах дуртай байдаг. Тиймдээ ч томоохон пүүз үйлдвэрлэгчид лигт орж ирсэн залуу хамгаалагчдыг судалж, өөрийн брэндийн пүүзийг өмсөх гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд Стэфэн Көрритэй холбоотойгоор андэр армор компанитай гэрээ байгуулах хамгаалагчдын тоо ч ихсэх хандлагатай байгаа. Кэмба Уолкэр, Эммануэл Мүдиеэ гэх мэтээр энэ нэрс хөвөрнө. Тэгвэл тэдний араас энэ жилийн драфтын төлөөлөл Дэннис Смит Жуниор орж байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэрбээр жилийн 2 сая ам.долларын цалин авахаар гурван жилийн гэрээг Андэр Армор компанитай байгуулсан байна.
“Анхны жилийн бэлтгэлийн бааз цугларалтанд орохоосоо өмнө Андэр Армортой гэрээтэй болсондоо баяртай байна. Андэр Армор бол сагсанбөмбөгийн зах зээлд тэсрэлт болж байгаа брэнд. Тийм ч учраас Стэфэн Көрри, Сэт Көрри нарын эгнээнд багтаж, Андэр Армор брэндийг төлөөлөх багт орж байгаадаа сэтгэл хангалуун байна” гэж Дэннис Смит Жуниор сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурджээ.
Харин Андэр Арморын маркетингийн албаны дарга Крис Стөүн түүнийг 2015 онд Стэфэн Көрригийн бэлтгэл дээр цугларсан өсвөрийн сагсчид дунд анх харсан гэдгээ хэлээд “Анх Стэфийн бэлтгэлийн цугларалт дээр би түүнийг харж байсан. Нэг жаал хүний өөдөөс тохох гэж үсэрсэн тэр агшинг би мартаж чаддаггүй. Дэннис маш өндөр үсэрсэн шүү. Тохой нь цагирагтай зэрэгцээд гараад ирчихсэн байсан. Нүдэндээ ч итгээгүй. Тэр үед л би түүнийг ямар тэсрэлттэй, хувийн ур чадвар сайтай болохыг нь анх танин мэдэж байлаа. Стэфт ч гэсэн маш их таалагдсан нь илэрхий байсан юм. Лигийн хамгийн үнэ цэнэтэй тоглогчоос тэр хэмжээний хүндлэл олж авна гэдэг хэр баргийн хүүхдэд тохиолдохгүй зүйл шүү” гэж хоёр жилийн өмнөх үйл явдлыг дурсан ярьсан юм.
Андэр Армортой гэрээ байгуулаад удаагүй байгаа Дэннис Смитийн хувьд зуны лигт тоглохдоо Маварексийн төлөө 17.3 оноо, 4.8 самбар, 4.2 ашигтай дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт дунджилсан юм. Түүнийг тоглолтын хэв маяг, зан араншингаар нь эхэн үеийн Рассэл Вэстбрүүк болон Дэррик Рөүз нартай мөн адилтгаад амжсан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |