Манай улсын ерөнхийлөгч саяхан оюун ухааны спортыг дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Төр засгаас тамирчдад нь төдийлөн хандаж ажиллаад байдаггүй нэг салбар бол оюуны спорт. Сурагчдын дэлхийн аваргаас эхлээд Дэлхийн томоохон тэмцээнүүдээс ч хүртэл манай шатарчид чамлахааргүй амжилт гаргадаг билээ. Тэгвэл ойрын хугацаанд Монголын шатарчид тун завгүй байх нь. Хэд хэдэн тив дэлхийн чанартай тэмцээний бүртгэл эхэлжээ.
Дэлхийн шатрын холбооны ивээл доор Герман улсын Дресден хотноо зохиогдох Хөгжлийн Бэрхшээлтэй Шатарчдын ДАШТ-ий бүртгэл эхэлсэн байна. Тус тэмцээн 2017 оны 10 сарын 05-13-нд болж өнгөрөх бөгөөд гурван ангиллаар явагдана. Тулгуур эрхтэн, сонсгол, харааны бэрхшээлтэй тамирчид гэсэн гурван ангиллаар явагдана. Мөн тус тэмцээнд оролцогчид нь дэлхийн чансаанд бүртгэлгүй эсвэл 2100 буюу түүнээс доош чансаатай байх ёстой бөгөөд харьяа холбоогоор дамжуулж нэгдсэн багийн бүртгэл хийх ёстой юм байна. Харин нэг баг 4 хүний бүрэлдэхүүнтэй байх аж. Тэмцээн Швейцари системээр 7 өрөг тоглох бөгөөд цагийн хяналт 90 мин/40 нүүдэл+30 мин /ингэхдээ нүүдэл бүрт 30 сек нэмэгдэнэ/ байх юм. Хүлээлгийн цаг 15 минут байна гэжээ. Тэмцээний бүртгэлийг Монголын Олимпийн Хорооны 204 тоотод 8 сарын 10-ыг дуустал авах юм байна.
Мөн 14, 16 болон 18 хүртэлх насны өсвөрийн шатарчдын ДАШТ 09 сарын 16-аас 09 сарын 26-нд Уругвай улсын Монтевидео хотод болно. Бүх ангилалд нэг нэг тамирчин байх ёстой бөгөөд уг тэмцээний бүртгэл 08 сарын 15-ыг хүртэл мөн Олимпийн хороонд байрлах оффист болж байгаа аж.
Үүнээс гадна Азийн хотуудын багийн аварга шалгаруулах тэмцээн буюу Дубай-2017 тэмцээний бүртгэл уг байранд 8 сарын 10-ыг хүртэл болж байна.
Мөн үүнээс гадна Дэлхийн Цом 2017 тэмцээний оноолт гарсан байна. Тус тэмцээнд манай улсаас Их Мастер Ц. Батчулуун оролцож байгаа юм. Тэрээр эхний шатанд Английн шатарчин Майкл Адамстай учраа таарсан байна.Манай тамирчин дэлхийн чансааны 106-д байгаа бол түүний өрсөлдөгч нь 23 дугаар байранд яг одоо эрэмбэлэгдэж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |