Европын хөлбөмбөгийн шинэ улирал энэ долоо хоногт албан ёсоор эхэлж, Францын лигийн эхний тойргийн тоглолтууд боллоо. Шинэ улирлын эхний цомын эздээр англичууд тодорчээ. Энэ нь мэдээж улирал бүрийн өмнө болдог уламжлалтай Коминити Шилд буюу Английн Сүпер цомын тоглолт байсан юм.
Жил бүр Лондон хотын алдарт Уэмбли цэнгэлдэхэд болдог тус тоглолтыг энэ жил Лондон хотын багууд хоорондоо хийсэн нь Премьер лигийн аварга Челси, Английн хөлбөмбөгийн холбооны цомын аварга Арсенал багууд байсан юм.
Багууд үндсэн цагт 1:1-ийн харьцаатай тэнцсэн бөгөөд 46 дахь минутанд Челсигээс Виктор Мозес гоол оруулсан бол 82 дахь минутад Арсеналын шинэ цэрэг Саед Колашинац тоог тэнцүүлсэн юм. Үүнээс ердөө 1 минутын өмнө Челсигээс Педро Родригез улаан хуудас авч талбайг чөлөөлсөн нь тоглолтын үр дүнд багагүй нөлөөлжээ.
Улмаар багууд торгуулийн цохилтоор ялагчаа тодруулсан аж. Арсеналаас Тео Уолкотт, Начо Монреал, Алекс Окслэйд-Чемберлен, Оливер Жиру нарын тоглогчид цохиж, хэн нь ч алдаагүй бол Челсигийн шинэ цэрэг Алваро Мората, хаалгач Тибо Куртуа нар нь цохилтоо алдсанаар ялагдал хүлээсэн байна.
Анх 1908 оноос эхлэн зохиогдож эхэлсэн Английн Сүпер цомын тоглолтод Арсенал ийнхүү 15 дахь удаагаа хожиж байна. Ингэснээр тэд Ливерпүүл багтаж, түүхэнд II байранд бичигдэж эхэлжээ. Харин Челси клубын хувьд энэхүү тоглолтод 12 дахь удаагаа өрсөлдснөөс 8 дахь хожигдлоо хүлээлээ.
Дашрамд сонирхуулахад алдарт Манчестер Юнайтед баг энэхүү тоглолтонд нийт 30 удаа оролцсон байдгаас 21 хожил, 9 хожигдлоор дээд амжилт тогтоосон байдаг юм.
Г.Баяраа
Уншиж байна |