Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин соёлын наадмыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнөө жилийн наадмаар Даншигийн даян аварга төрж, олон нийтийг баясгав. Наадам эхлэхийн өмнөх өдөр лам нар зөрчилдөж, зодоон хийгээд амжсан. Энэ бүгдээс ажихад энэ жилийн “Даншиг наадам” сайнаар ч муугаар ч яригдах зүйлтэй болж өнгөрлөө.
2015 онд Даншиг наадмыг сэргээн зохион байгуулсан. Уг наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж арслан цол хүртсэн. Тэрбээр 2016 оны наадмаар дахин түрүүлж байсан бол өнөө жил хүчит 256 бөхийн барилдаанд мөн түрүүлж “Даншиг” наадмын даян аварга боллоо. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх Б.Соронзонболд долоо даван үзүүрлэж Даншигийн заан цолны эзэн болсон юм. Мөн Увс аймгийн Өндөрхаан сумын харьяат бөх Г.Ганням, Булган аймгийн сайхан сумын харьяат бөх Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат бөх Д.Пүрэвдорж нар тус тус тав давж Даншигийн начин цолны болзол хангав.
Наадмын нээлт, бөхийн барилдаан сайхан болж өндөрлөлөө.
Харин наадам эхлэхийн өмнөх өдөр буюу энэ сарын 4-нд ард түмний эв нэгдлийг сэргээж, элдэв зовлонгоос гэтэлгэх авшигтай эрхэм лам нар нанчилдаад авав. Тодруулбал “Их хүрээ хийд”-ийн хамба лам З.Санждоржийг Гандантэгчэнлийн хийдийн хамба ламын нарийн бичиг Б гэгч зоджээ. Даншиг наадмын хөтөлбөрийг авахаар очиход нь “Даншиг” наадамд “Их хүрээ хийд”-ийн лам нарыг оролцуулахгүй гэснээр маргаан дэгдэж, түүнийг зодсон тухай З.Санждорж хамба уйлан байж учирлав. “Хамаг амьтны тусын тулд...” гэх бурханлиг үгс учирладаг лам хүн “Олон ч удаа ингэж зодуулж байсан” хэмээн уйлан байж ярих нь хачирхам.
Нанчилдаангүй найр гэж байдаггүй гэдэг ч ихэс дээдэс минь гэж эртнээс шүтэж, хүндэтгэж ирсэн лам нар нударган зодоон хийх нь даанч зохимжгүй. Бусдаар бол өнөө жилийн “Даншиг” наадам ёс төртэй, шашин соёлоо хүндэтгэсэн сайхан л болж өндөрлөлөө.
Г.Тэгшсүрэн