Зодог тайлсан НБА-ын одод юу хийж амьдардаг бол гэсэн асуулт хүн бүрт байдаг байх. Ялангуяа домгуудыг юу хийж байгааг сонирхох уншигчид цөөнгүй. Тэгвэл бүх цаг үеийн хүчний довтлогч Тим Данкан кикбоксоор хичээллэж байгаа юм. Ингээд түүний бэлтгэлийн багш нь түүний талаар саяхан БлийчэрРэпорт сайтад ярилцлага өгсөн байна. Энэхүү ярилцлагыг та бүхэнд бүрэн эхээр нь толилуулж байна.
7 тохой өндөртэй залууг кикбокс тоглож байгааг харах тийм ч сайхан биш нь ойлгомжтой. Ялангуяа тэр том залуу нь НБА-ын түүхэн дэх хамгийн шилдэг хүчний довтлогч Тим Данкан байвал. Түүний албан ёсны өндөр нь 6 тохой 11 инч шүү дээ, бас тэр төвийн байрлалд тоглодог байсан гэж хэлэх гэж байгаа бол түр азнаарай. Та зүгээр л том биетэй домогт сагсчин кикбоксоор тоглож байгаа талаар унших гэж байгаагаа хэдийнэ ойлгочихсон байх. Энэ л хамгийн гол нь.
Саяхан Сан Антониод байрлалтай Эхолс фитнессийн дасгалжуулагч Жэйсон Эхолс өөрийн фэйсбүүктээ Спөрсийн домог кикбоксдож байгаа бичлэгийг байршуулсан. Тэр даруй 200,000 хүн үзсэн байх юм.
Бид сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчдын нэгтэй кикбоксдож байхад ямар мэдрэмж авдаг талаар өөрөөс нь асууж тодруулсан юм. Тэрээр сүүлийн арван жилийн турш Тим Данкантай ойрын холбоотой байгаа гэнэ. Ингээд түүнтэй анх яаж холбогдсон болон уншигчдын сонирхож магадгүй асуултуудад хариулт авахаар Блийчэр Рэпорт багийнхан маань түүнтэй уулзсан юм.
БР: Тим Данкантай анх яаж танилцаж байсан бэ? Яаж яваад дасгалжуулагч нь болчихов?
Ж.Э: Миний нэг тулаанч танил байдаг юм. Тэр манайд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд манайд ирдэг хүмүүсийн нүдэн дээр бид хоёр тулааны бэлтгэл хийдэг байлаа. Харин Тимми бол найзын маань найз. Тэр сонирхсон, тэгээд л хамт хийсэн. Бид бэлтгэлээ хийсээр л байсан. Бусад нь харин түүх болон үлдэж дээ. 2008 байна уу 2009 оны үйл явдал шүү дээ.
БР: Түүний талаарх анхны сэтгэгдэл
Ж.Э: Тэр анх орж ирэхэд тулааны урлагаар хичээллэх маш их сонирхолтой байгаа нь шууд л мэдрэгдэж байсан. Түүний хөдөлгөөний эвсэл, тулааны урлагийг шимтэн сонирхох нь үгээр хэлшгүй их байлаа. Түүний биеийн ерөнхий хөгжил үнэхээр сайн байгааг харахад л ойлгомжтой байсан л даа. Тиймээс жирийн хүнтэй харьцуулахад тулааны урлагаар хичээллэхэд илүү дөхөм, амар хялбар байсан байх гэж бодож байна. Түүний өндрийн тухайд... түүнийг тулааны дасгал хийж байгааг харах үнэхээр итгэмээргүй байдаг. Одоо бол дэлхий нийтээрээ л харсан байх.
БР: Дундаж өндөртэй тулаанчтай харьцуулахад Тимми хамаагүй өндөр шүү дээ. Ийм өндөртэй хүнийг дасгалжуулахад ямар байдаг вэ? Энэ нь дасгалжуулагчид нь хэрхэн нөлөөлдөг юм бол?
Ж.Э: Би 178 см өндөртэй л дөө. Харин түүн шиг өндөртэй залуугийн өмнө зогсоод, түүн шиг араатныг бэлтгэлжүүлнэ гэдэг надаас ч гэсэн маш их эрч хүч шаарддаг юм билээ. Түүнд зориулж цохилтын бээлий барьж зогсохоос эхлээд түүний цохилтыг шингээж авна гэдэг асар хүнд ажил л даа. Хэдий тэр намайг бодоод бүх хүчээрээ биш, ерөнхийдөө сулдуухан цохиж, өшиглөж байгаа ч гэсэн зүгээр хөнгөхөн савах нь хүртэл маш их хүчтэй орж ирдэг.
БР: Түүнтэй анх уулзахдаа юу гэж төсөөлж байв? Түүнийг ямар болно гэж төсөөлж байсан бэ?
Ж.Э: Би ЮФС, кикбокс хоёроос өөр спорт сонирхоод байдаггүй л дээ. Хөлбөмбөг, сагсанбөмбөг гэх мэт спортыг бол огт сонирхдоггүй. Гэхдээ Сан Антонио хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд Тим Данканыг танихгүй, мэдэхгүй амьдрах боломжгүй зүйл шүү дээ. Тэр олон нийтийн өмнө үг дуу цөөтэй, даруухан залуу л байдаг. Харин би түүнийг анх орж ирмэгц нь түүний өөр нэгэн дүрийг олж харсан юм. Тэр тулааны урлагийн хувьд архирч буй арслан л гэсэн үг.
Тэр бол жинхэнэ араатан. Тэр сагсан бөмбөг тоглож байгаагаасаа тэр өөр. Бэлтгэл хэр их хийнэ, тэр чинээгээрээ тэр даруухан болдог гэдгийг сагсан бөмбөг тоглож байгааг нь хараад хүн болгон мэддэг байх. Харин тулааны урлагт тэр нэгэнт ямар нэгэн хөдөлгөөний гүйцэтгэл сурсан л бол жинхэнэ мангас болдог.
БР: Түүнтэй хамт бэлтгэл хийж байсан дурсамжуудаасаа хуваалцаач?
Ж.Э: Нэг удаа би түүний хэмнэлд тааруулах гэж байгаад гарын хоёр толгойт булчингаа гэмтээж ч байсан удаатай. Тэр маш том биетэй шүү дээ. Түүний тохой яг л жад шиг гэсэн үг. Яснууд нь маш том. Түүнтэй цохилтын бэлтгэл хийж байгаад баруун гараараа доороос нь өлгөж цохьсон юм. Харин түүнийг хамгаалалт авах үед тохой нь миний гарны дотор талаар орж ирээд намайг гэмтээчихсэн. Зүгээр л жижигхэн хөдөлгөөн дээр шүү дээ. Тэр цаг ямагт л шинэ зүйл сурахыг эрмэлзэж байдаг. Тэр үргэлж шинэ хөдөлгөөн сурахыг хүсдэг. Тэр тулааны урлагт чин сэтгэлээсээ ханддаг. Түүнийг харах үнэхээр догь шүү.
БР: Түүнтэй удаан хугацаанд хамтарч бэлтгэл хийж байгаагийн хувьд асуух нэг асуулт байна. Тэр хүнийхээ хувьд ямар хүн бэ?
Ж.Э: Би түүнийг олон нийт түүнийг харж байгаагаас арай өөрөөр хардаг. Түүнийг үг дуу цөөтэй, сайн залуу гэдгээр нь хүн болгон мэддэг. Харин би түүний хүсэл тэмүүллийг бусдаас илүү анзаарсан. Бас тэр итгэмээргүй хөгжилтэй хүн. Хошин мэдрэмж ихтэй, гайхалтай наргианч залуу шүү. Бэлтгэлийн үеэрээ бид элгээ хөштөл инээлддэг. Миний бодлоор тэр бол хүмүүсийн бодож байгаагаас ч илүү хүн.
Нэг удаа тэр над дээр ирээд “Стэфэн Жэксон надтай тулааны бэлтгэл хийе гэнээ” гэж хэлсэн. Стэфэн Жэксон гэж хэн юм бэ? гэж асуусан. Үүнийхээ дараахан бид хоёр ёстой нэг хөхөрч өгсөн шүү. Стэфэн Жэксон гэж тамирчин шүү дээ. Би уг нь мэдэж байх ёстой. Гэтэл би мэдэхгүй байсан. Савж унатлаа инээнэ гэж тэрийг л хэлэх байх даа. Би НБА-г сайн мэдэхгүй л дээ. Үүнээс болоод тэр маш их баяссан байх. Тэр бол үнэхээр хөгжилтэй залуу шүү.
БР: Түүнтэй хамт бэлтгэл хийж байхад юу нь хамгийн их гайхшруулсан бэ?
Ж.Э: Түүний хүсэл тэмүүлэл л гэж хэлнэ. Түүний аливааг сурах авьяас болон суралцах чин эрмэлзлэл нь үгээр хэлэхийн аргагүй. Бид хоёр чимээгүй шатар гэдэг нэг бяцхан тоглоом тоглодог юм. Түүний эрч хүч, аливаад бодлоготой ханддаг зэргийг нь хараад “ийм том биетэй залууд ийм чадвар байна гэхээр” гэж бодоод сүрдмээр байдаг шүү. Гэхдээ юу юунаас илүү түүний биеийн ерөнхий хөгжил, түүний том бие хоёр нь намайг үнэхээр гайшруулдаг юм байна. Тэр бол архирч буй арслан. Би түүний хүсэл тэмүүллийг маш их мэдэрдэг. Гэхдээ түүнийгээ бага зэрэг дарж байх хэрэгтэй гэж боддог. Хэрвээ би цохилтын бээлийгээ буулгахгүй л юм бол тэр миний гарыг тасартал цохиж чадах тийм л шаргуу нэгэн.
БР: Түүнтэй анх тулалдаж байсан дурсамжаасаа хуваалцаач?
Ж.Э: Би зугтаахад бэлэн байснаа л тод санаж байна. Зүгээр л зугтчихмаар байсан. Тэр миний арга барилыг мэдээд яг тэрэнд маань тааруулж тулалдаж байсан юм. Би түүнтэй тулалдаж байхдаа хэд хэдэн хуурмаг хөдөлгөөн, ов мэх ашилах ёстой болсон. Тэр улирал дундын амралтаар сагсанбөмбөг тоглохгүй бол бид маш ихээр бэлтгэл хийдэг байлаа. Түүний дайчин, шаргуу байгаа байдлыг хараад үнэхээр гайхширч хоцордог байсан шүү.
Courtesy of Jason Echols
БР: Таны бэлтгэж байсан тулаанчдаас эрэмбээрээрээ Тимми аль хавьд нь орох вэ?
Ж.Э: Тэр бол одоогоор миний хувьд чансаа нэг шавь. Дахиад хэлэхэд түүний биеийн ерөнхий чадамж, ерөнхий хөгжил, тэмцэгч зан чанар, тэсрэлт зэрэг нь тэр болгон тамирчдад байгаад байдаггүй зүйл. Би хүмүүст түүний талаар ярихдаа энэ жишээг авах дуртай. “Хэрвээ кексний хэв хийх тэмцээн болвол мэдээж Тимми түрүүлнэ. Учир нь тэр ямар нэг зүйлийг хийж л байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг” гэсэн жишээ л түүнийг тодорхойлоход яг тохирно. Тулааны урлагт зориулж байгаа ур ухаан нь үнэхээр үгээр хэлэхийн аргагүй шүү. Түүний боломжийг хамгийн энгийнээр ингэж л тайлбарлах юм байна.
БР: Тим Данканыг бэлтгэж байгаагаа хүмүүсь хэлэхэд хүмүүс яаж хүлээж авдаг вэ?
Ж.Э: Сэтгэл хангалуун хүлээж авдаг. Хүмүүст энэ талаараа хэлэхэд тэдэнд маш их таалагддаг. Би амьдралынхаа ихэнх хугацаанд энд амьдарч байна. Тэгэхээр эндэхийн хүмүүс нэг бол намайг, нэг бол түүнийг таньдаг байх нь гарцаагүй үнэн. Тиммиг дасгалжуулж байгаагаа хэлэх нь надад ч гэсэн сайхан байдаг.
Та нар мэдсэн үү, үгүй юу? Гэхдээ надад Дэвид Робинсонтой хүртэл бэлтгэл хамт хийх аз завшаан тохиосон юм шүү. Тэр ч гэсэн үнэхээр хөгжилтэй залуу. Ихэр хоёр цамхагийг өөрийнхөө фитнесст авч ирснээ хэлэхэд надад үргэлж сайхан байдаг.
БР: Хэрвээ тэр хоёр тулалдвал хэн нь ялах бол?
Ж.Э: Аль хэдийнэ тулалдчихсан шүү дээ. Дэвид одоогоор Тимми шиг ахисан түвшинд очоогүй байгаа. Тэр Тиммигээс хойш хичээллэж эхэлсэн юм. Гэхдээ тэр хоёрыг цуг бэлтгэл хийж байгааг харах үнэхээр үзүүштэй зүйлсийн нэг шүү. Магадгүй олон нийт удахгүй наад асуултын чинь хариултыг авч болох юм. Хэлж мэдэхгүй юм.
БР: Юу болсон бол гэдэг нь сонирхолтой санагдлаа?
Ж.Э: Миний хажууд Дэвид Роинсоны хүү Жастин цуг сууж байсан юм. Бидний эрүү мултрах дөхсөн. Үнэхээр гайхалтай, бас этгээд байсан. Тийм том хоёр хүн тулалдаж байгааг харах үнэхээр сонирхолтой. Зүгээр л цочролд орчихсон. Ямар сайндаа Тиммиг эргэж хараад дасгалжуулагчийн хувиар надаас зөвлөгөө авах гэхэд нь би хөшчихсөн байх вэ дээ. Ёстой үгээр хэлэх юм биш. Тэр хоёр хоёулаа л үлэмж биетэй шүү дээ.
БР: Хэрвээ Тим Данкан, Дэвид Робинсон хоёр ММА-д тулалдахыг хүсвэл, тэд өрсөлдөөн үзүүлж чадах болов уу?
Ж.Э: Данкан бол бүрэн боломжтой. Итгэлтэй байж болно. Тэр сурах, тэмцэлдэх гэсэн чин эрмэлзлэлтэй. Тэр бол ясны тамирчин. Түүний зүрх сэтгэл үүнд л зориулагдсан байх. Ямар ч эргэлзэх зүйлгүй тэр сайн өрсөлдөгч байж чадна. Гэхдээ би түүнийг тулалдуулахгүй байхыг л хүснэ. Зодог тайлсан Спөрсийн домогт нэгнийг өөр хүнээр өшиглүүлж, цохиулж байгааг харах тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Гэхдээ л Тимми сайн тулаанч байж чадна. Харин Дэвидэд сурах зүйл багагүй бий. Тэд бол ясны тэмцэгчид. Тэд ялагдах дургүй.
Б. Энх-Амгалан