Сүүлийн жилүүдэд e-sport буюу цахим тоглоом гэдэг ойлголт зөвхөн тоглох, зугаацах гэсэн ерөнхий утгаасаа хальж тэмцээн уралдаан ихээр зохиогдож спортын нэгэн төрөл болсоор удаж байна. Энэ талбарт Монголын нэрийг гаргаж байгаа баг бол “The MongolZ” юм. Тэд “WCA буюу World Cyber Arena” тэмцээний хүрээнд CS:GO тоглоомын төрлөөр Тайландын B.O.O.T-d[s] багтай өнөөдөр 17:00 цагаас 2-р байрны төлөөх тоглолтонд оролцоно. Хэрвээ энэ тоглолтонд хожвол WCA 2017 Finals-д буюу шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Тус хоёр багийн хожсон багийг Австралийн Chiefs баг хүлээж байгаа.
Манай баг өчигдөр энэ тоглолтыг хийх эрхээ авахын тулд Тайландын “Signature Gaming” багтай хүндхэн тоглолт хийсэн билээ. “бо3” буюу сонгосон гурван газраас хэн түрүүлж хоёрт нь ялалт байгуулсан нь хожил авах уг тоглолтонд манай баг сүүлийн хоёр газрыг өөрийн болгосноор цааш шалгарсан юм. Тэмцээний сервер Сингапурт учраас интернетийн асуудал багагүй тулгарч байлаа. Манай багийн хувьд өөрсдийн бэлтгэлийн байрнаас тус тоглолтуудыг хийж байгаа ажээ.
Өмнөх тэмцээндээ БНХАУ-ын багт ялагдал хүлээсэн залуус маань түүнээс хойш бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан бөгөөд гадны багт тоглож байсан “Zilkenberg” буюу Б. Тэмүүлэнг эргэн нэгтгээд байгаа. Тэрээр манай багт дутагдаж байсан “AWP” буугаар сайн тоглодог нэгэн билээ.
Тус тоглолтыг https://www.youtube.com/user/wowmongol холбоосоор шууд үзэх боломжтой юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |