Финлянд улсын Тампаре хотноо Залуучуудын ДАШТ үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөл өндөрлөлөө.
Тэмцээний 50 кг-ийн жинд Н.Насанбуян хүрэл медаль хүртэж өсвөр болон залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эрэгтэй тамирчин болсон. Тэгвэл 66 кг-ийн жингийн барилдаан өнгөрсөн шөнө болж эх орноо төлөөлж тус жинд хүч үзсэн “Хасу-Мегастарс” клубын тамирчин Э.Тэмүүлэн мөн хүрэл медаль хүртсэн байна. Тэдний энэхүү медаль нь эх орондоо Залуучуудын ДАШТ-ээс авч ирсэн 40, 41 дэх медалиуд юм. Ингэснээр манай улс түүхэндээ тус тэмцээнээс нийт 26 хүрэл медаль хүртээд байна.
Харин бусад бөхийн хувьд шагналт найм болон тавдугаар байрт орсон амжилттай тэмцээнийг өндөрлүүллээ.
Нийт багийн дүнгээр АНУ-ын эрэгтэй баг тамирчид 3 алт, 3 мөнгө, нэг хүрэл медальтай, боломжит 8 жингээс ганц жингийн ангилалд медальгүй хоцорсон өндөр амжилтаар тэргүүлж байна. Харин ОХУ-ын баг тамирчид 4 алт, 1 мөнгө, нэг хүрэл медальтайгаар аман хүзүүдлээ. Тус хоёр улс 8 жингээс 7 алт авсан бол үлдсэн нэг алтан медалийг Азарбайжаны тамирчин Шахин Мухтаров 50 кг-ийн жинд хүртсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөл цагийн зөрүүнээс хамаарч манай цагаар өнөөдөр орой эхлэх хуваарьтай байгаа юм. Өнөөдөр 44, 51, 59, 67 кг-ийн жингийн барилдаанууд явагдахаас 44 кг-д Г.Пүрэвсүрэн, 51 кг-д Б.Болор-Эрдэнэ, 67 кг-д Э.Даваанасан нар барилдах хуваарьтай байна.
Г.Пүрэвсүрэн ОХУ-ын Анжелика Федороватай, Б.Болор- Эрдэнэ Узбекистаны Нодира Сабироватай, Э.Даваанасан Александра Николетатай тус тус 1/8 шигшээд учраа таарчээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |